Хиймэл оюун ухааны (AI) хурдацтай тэлэлтээс үүдэлтэй айдас, болгоомжлол нь Кембрижийн толь бичгийг 2026 оны соёлын уур амьсгалыг хамгийн оновчтой илэрхийлэх үгийг хайхдаа 15 дугаар зуун руу эргэн харахад хүргэжээ. Тус толь бичиг “Human” (Хүн) гэх үгийг 2026 оны онцлох үгээр нэрлэсэн бөгөөд энэ нь машин болон хүний хоорондын зааг ялгааг хиймэл оюун ухаан хэрхэн бүдгэрүүлж буй тухай мэтгэлцээний тусгал болж байна.
Кембрижийн толь бичгийн үг зүйч Колин Макинтош “Хиймэл оюун ухаан нь хүн байхын утга учрын талаарх бидний яриаг өөрчилж байна. Сэтгэн бодох чадвараа хиймэл оюун ухаанд даатгаснаар хүн төрөлхтөн юугаа алдаж болох вэ гэх айдас нь шилдэг математикчдаас эхлээд бага ангийн багш нарыг хүртэл технологиос хэр зэрэг хамааралтай байх вэ гэдгээ эргэн харахад хүргэлээ” хэмээн тайлбарлажээ.
Латин хэлний “humanus” гэх үгнээс гаралтай, 1450-иад оноос хойш хэрэглэгдэж буй уг тэмдэг нэрийг Кембрижийн толь бичигт “бурхан, амьтан эсвэл машинаас ялгаатай нь хүмүүст байдаг шинж чанар, алдаа дутагдал, мэдрэмжийг агуулсан” хэмээн тодорхойлсон байдаг.
Сүүлийн жилүүдэд толь бичгүүдийн онцлох үгэнд AI ноёрхож байна
Толь бичгүүд ихэвчлэн нийтийн хэрэглээнд орж ирсэн шинэ үг эсвэл шинэ утга агуулгатай болсон хуучин үгийг оны үгээр сонгодог уламжлалтай. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон толь бичгүүдийн оны онцлох үгс хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой байсаар ирсэн юм:
-
2023 он: Коллинзын толь бичиг “AI” (хиймэл оюун ухаан) гэх үгийг онцолсон бол Кембрижийн толь бичиг хиймэл оюун ухаан худал мэдээлэл зохиох хандлагыг илэрхийлсэн “hallucinate” (хий юм үзэх/зохиох) гэх үгийг сонгож байв.
-
2025 он: Мерриам-Вебстер толь бичиг хиймэл оюун ухаанаар бүтээсэн чанаргүй контентыг илэрхийлэх “slop” (шавхай/чанаргүй зүйл) гэх үгийг, харин Коллинзын толь бичиг хиймэл оюун ухааны тусламжтайгаар программ бичих аргыг нэрлэсэн “vibe coding” гэх хэллэгийг тус тус оны үгээр нэрлэжээ.
Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс энэхүү сонголтын талаар “Хиймэл оюун ухаан биднийг хүн байх гэж чухам юу болохыг илүү гүнзгий эргэцүүлэн бодоход хүргэж байна. Хиймэл оюун ухааны амжилтын хэмжүүр нь хүний амьдралыг хэр зэрэг сайжруулж чадсанаар хэмжигдэх ёстой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Кембрижийн 2026 оны онцлох үгийн төлөө өрсөлдсөн бусад үгсийн тоонд хүний хяналтгүйгээр бие даан шийдвэр гаргаж, ажиллах чадвартай хиймэл оюун ухааны системийг илэрхийлэх “agent” (агент) болон цахим технологи, интернетээс ангид бодит туршлага, эд зүйлсийг нэрлэх “analogue” (аналог) зэрэг үгс багтжээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



