Dark Light
Гадаад | 2026-11-18

КУЗБАССТ ОРОСЫН ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН “АН-12” ОНГОЦ ОСОЛДОЖ, 19 ХҮН АМИА АЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Арваннэгдүгээр сарын 17-ны орой ОХУ-ын Кемерово муж буюу Кузбасст цэргийн тээврийн “Ан-12” загварын онгоц осолдож, дотор нь зорчиж явсан 19 хүн бүгд амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.

Төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан уг онгоц суурьшлын бус бүсэд буюу Ягуново тосгоны орчимд унажээ. Кемерово мужийн захирагч Илья Середюк тус онгоц бүс нутгийн дээгүүр дамжин өнгөрөх (транзит) нислэг үйлдэж байсныг дурдаад, осол гарсан даруйд онцгой байдлын албаныхан газар дээр нь шуурхай ажиллаж эхэлснийг Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Онгоц унасны дараа гал гарсан ч Онцгой байдлын яамны алба хаагчид галыг шуурхай унтрааж чаджээ. Ослын газарт цагдаа, Дотоодын цэрэг (Росгвардия) болон гамшгийн анагаах ухааны албаны ажилтнууд хамтран ажиллаж байна.

Урьдчилсан дүгнэлтээр техникийн саатлын улмаас осол гарсан гэж үзэж байгаа бөгөөд ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны цэргийн мөрдөгчид Эрүүгийн хуулийн 351 дүгээр зүйл буюу нислэг болон нислэгийн бэлтгэлийн журам зөрчсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ан-12 (дотоод нэршил нь “Т” бүтээгдэхүүн, НАТО-гийн ангиллаар “Cub” буюу англиар “шинэков, залуу” гэсэн утгатай) нь 1950-иад оны үед О.К.Антоновын нэрэмжит зохион бүтээх товчоонд бүтээгдсэн Зөвлөлтийн цэргийн тээврийн онгоц юм.

Уг онгоцыг бүтээх санаачилгыг ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущёв Антоновын зохион бүтээх товчоонд айлчлах үеэрээ гаргасан гэж үздэг. Тэрээр “Ан-8” онгоцыг үзэж сонирхох үедээ гадаадад ямар ижил төстэй онгоц байдаг талаар асуусан бөгөөд энэ ангиллын бүх онгоц дөрвөн хөдөлгүүртэй байдгийг мэдээд ЗХУ ч мөн адил дөрвөн хөдөлгүүртэй онгоц хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Үүний дараа зохион бүтээгч Олег Константинович Антонов ирээдүйн “Ан-12” онгоцыг бүтээх ажилдаа орсон түүхтэй аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08