ОХУ-ын Роскомнадзор “Steam” тоглоомын платформыг хаах төлөвлөгөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ
Америкийн “Valve” компанийг орос хэрэглэгчдийнхээ хувийн болон санхүүгийн мэдээллийг гаргаж өгөхгүй бол “Steam” тоглоомын платформыг ОХУ-д хаана гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд эрчимтэй тархсан юм. Гэсэн хэдий ч Оросын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хяналтын алба болох Роскомнадзор уг мэдээллийг албан ёсоор няцааж, “Steam”-д хандах эрхийг хязгаарлах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдлээ.
ШУУГИАН ЮУНААС ЭХЭЛСЭН БЭ?
Арваннэгдүгээр сарын 16-нд Оросын зарим хэвлэлээр эрх баригчид “Valve” компаниас орос тоглогчдын, тэр дундаа бүс нутгаа Казахстан болгон өөрчилсөн хэрэглэгчдийн мэдээллийг шаардсан гэх мэдээлэл цацагдсан юм. Үүнд 2026 оны эхний хагас жилд “Valve” компани Казахстаны төсөвт 1.121 тэрбум тенге буюу хоёр тэрбум орчим рублийн НӨАТ төлж, тус улсад хамгийн их татвар төлсөн гадаадын цахим компани болсон нь гол шалтгаан болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд олон улсын төлбөрийн картууд Орост ажиллахаа больсны дараа орос тоглогчид дансаа Казахстан руу шилжүүлсэнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
ЭРХ БАРИГЧИД БА ДЕПУТАТУУДЫН БАЙР СУУРЬ
Хэрэв “Valve” компани хэрэглэгчдийн мэдээллийг өгөхөөс татгалзвал “Steam”-ийг хааж магадгүй гэх цуурхал тархмагц Төрийн Думын дэд дарга Владислав Даванков болон Мэдээллийн бодлогын хорооны дарга Сергей Боярский нар эрс эсэргүүцлээ илэрхийлэв. В.Даванков “Олон сая орос хүний хувьд Steam нь зүгээр нэг тоглоомын дэлгүүр бус, олон жил цуглуулсан цахим хөрөнгө нь болсон. Тиймээс уг платформыг хаах нь хадгаламжтай банкны дансыг нь хаасантай адил зүйл болно” хэмээн онцолсон байна.
Харин Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны дарга С.Боярский Роскомнадзорын төлөөлөгчидтэй холбогдсоныхоо дараа энэ бол “зориуд цуурхал тарааж байгаа юм” гээд платформыг хаах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг баталжээ. Мөн Роскомнадзорын зүгээс “Valve” компани хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлж, зөрчилтэй контентуудаа устгаж ажилладаг тул үйл ажиллагааг нь хязгаарлах төлөвлөгөөгүй хэмээн мэдэгдсэн байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




