Сүүлийн 4 жилд төрийн хүнд суртал улам хүндэрч, усыг нь татаж, ариутгаж цэвэрлэхгүй бол улам өмхий самхай ханхлуулж байгааг өнгөрч буй 7 хоногт танилцуулсан Хүнд суртлын индекс нотолж байна.
Хүмүүс халамж горьдохгүй хийж бүтээж, биеэ засаад, гэрээ засахыг хүсэвч төр засахгүй бол болохгүй байна. Цалин олгож, татвар төлдөг, бизнес эрхлэгчдээ төр улыг нь эргүүлж, уурыг нь барж, урмыг нь хугалж, бурмыг нь булаасаар байна.
Манай төр багийн тоглолтгүй баг, өөр хоорондоо уялдаа холбоогүй, жалга жалгандаа суусан ноёд шиг аягладаг. Төрийн байгууллагууд сүлжээгүй гар утас, хардгүй компьютер шиг уялдаа холбоогүй. Эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх гэсэн хүмүүс нэг газраас алга дарам цаас авахын тулд өөр байгууллагаас бичиг авчрах үүрэг хүлээдэг. Цайны цаг, дотуур ажилтай, хуралтай гэх зэрэг түмэн зарлалын сиймхийгээр эрдэнэ мэт нөгөө бичгээ олж авна. Нэг зөвшөөрөл авахын тулд 6 бичиг баримт хавтсанд хийж, 13 хоног явж, 360 мянган төгрөг албан ёсоор үрдэг. Угаасаа хориглогдоогүй зүйлийг зөвшөөрнө гэдэг нь хүнд суртлын эхлэл болдог. Зөвшөөрөгдсөн юмыг зөвшөөрөх, хориглоогүй зүйлийг зөвшөөрөх нь хүнд суртлын тэжээл юм. Ганц бичгийн төлөө 2 долоо хоног явахдаа шатаасан бензин, уусан цай, зогсоолын төлбөр гэх мэтэд 219 мянган төгрөг зарцуулдаг юм байна. Хамгийн их хүнд сурталтай нь хамгийн их үлгэр жишээ байх ёстой боловсрол, хамгийн хүнлэг, шуурхай байх ёстой эрүүл мэндийн салбар. Хаа очиж муу нэртэй, луу данстай ч, улс орны экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар хамгийн хөнгөн шуурхай нь гэж бизнес эрхлэгчид хариулсан байна.
Төрийн үйлчилгээ авахад зууны 8 хувь нь л хуулийн дагуу хугацаандаа шийдэгдсэн гэж хариулжээ. Өөртөө үйлчлүүлэх гэж сонгосон төрдөө хандсан 100 хүний 92 нь хана мөргөж байхад эдийн засгаа сэргээж, улс орон хөгжих үү? Төрийн хүнд суртлаас төрийн хөнгөн сурталд хэзээ шилжих вэ?
АДМИН








Нийгэм







