Dark Light
Нийгэм | 2022-11-20

60 гэдэг тоог зүгээр байлгахгүй ээ!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 60 гэдэг тоог зүгээр байлгаач ээ! 60 гэдэг тоо хүн байсан бол үгээ хэлж, үйл тамаа эдлэх байсан байх. Яачихсан болоод энэ 60 гэдэг тоо улс төрд үйлээ эдлээд эргэлдээд байдаг юм, бүү мэд. 60 тэрбумын бичлэг, Ерөнхий сайд асан С.Баярын “Жарны түүх, жаран бутархай”, нэг нам нь 2 сонгууль дараалаад 60-аас дээш суудал авлаа, монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61 тэй үхнэ, одоо дээр нь 60 саяын сарнай ч гэх шиг. Жар, жар. 

 Өнгөрсөн 7 хоногт 60 гэдэг тоотой ээлжит дуулиан дэгдлээ. Альпард машинаар зөөсөн сарнай цэцгийг 60 саяын үнэтэй байсан гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат шүгэл үлээх биш бидон нүдлээ. Үлээх шүгэлгүй ч нүдэх бидонтой мань гишүүн яг 60 саяын цэцэг байсан гэж үнэ тогтоогоод, улс төрийн 60 гэдэг тоонд мөргүүлсэн нь сонирхол татдаг. 59 ч биш 61 ч биш яг 60 сая байдаг нь ч юу билээ. 60 саяын үнэтэй гэх цэцэг нь улаан сарнай. Яагаад улаан сарнай байж таарав гэхээр МАН-ын лого улаан сарнай. 60 саяын сарнай илгээсэн гэх дуулианд өртсөн хүн нь улаан сарнай цэцгийн логотой МАН-ын даргын зөвлөх А.Амундра болж  бас л яг онож таарсан. Эхнэр гурван хүүхэдтэй А.Амундра ч тэр өдрөө цагдаад гомдол гаргаж, цэцэг илгээгч хэн болохыг шалгуулахаар хандлаа. Өөрөө цэцэг явуулсан бол цагдаад хандаж өөрийгөө барьж өгөхгүй нь энгийн логик. Цэцгийн дэлгүүрийнхэн бизнесийн нууц гэж хэсэгтээ гүрийсэн боловч нэгэнт цагдаа шалгаж эхэлсэн болохоор төд удалгүй хэн, хэдэн төгрөгний сарнай явуулсан нь илэрнэ. Цэцэг илгээгчээр нэрлэгдсэн А.Амундра эхнэр гурван хүүхэдтэй, гэр бүлд нь үүнээс болж чамгүй асуудал үүссэн бол цэцэг хүлээн авагч У гэх бүсгүй нь бас л хүүхэдтэй шуухадтай ээж хүн юм байна. Д.Ганбат гишүүн шүгэл нүдэж, бидон үлээхдээ танихгүй бүсгүйд 60 саяын цэцэг илгээжээ гэж хэлсэн. Цэцэгний үнэн дээр аудит хийсэн гишүүн цэцэг илгээгч гэх, цэцэг хүлээн авагч гэх хоёр хүн бие биенээ танихгүйг маш сайн мэддэг болж таарч байгаа юм. Эсвэл хэн нэг нь эхнэртэй хүний өмнөөс хүүхэдтэй бүсгүйд цэцэг явуулахдаа “Чи Амундраг таних уу? гэж асуугаад “Танихгүй” гэсэн хариулт авсан байх магадлал маш өндөр. Эндээс үзвэл хэн нэг нь эхнэртэй хүний өмнөөс нөхөртэй хүүхэнд бэлэг явуулж, хоёр айлыг хорлох, өөрийг нь тоогоогүй бүсгүй болон зэвүүг нь хүргэсэн залууг нэгэн зэрэг сайхан чадах арга маяг дэлгэрч болзошгүй байна. Эсбөгөөс дараагийн удаад аль нэг АН-ын даргын зөвлөх, туслах, эхнэртэй хүний өмнөөс нөхөртэй бүсгүйд 17 саяын цэнхэр сарнай явуулах хариу арга хэмжээ авагдаж магадгүй. АН нь хөх тугтай, 17 гэдэг тоонд орооцолддог уламжлалтай. 17 чингэлэг спирт, Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн 17 тэрбум гэх зэрэг бас нэг үйлтэй 17 гэдэг тоог АН-ынхан огт зүгээр байлгадаггүй юм. 60, 60-аа гэж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10