Dark Light
Эдийн засаг | 2026-11-16

ЯПОНЫ ЭДИЙН ЗАСАГ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД АНХ УДАА БУУРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Үргэлжилсэн усархаг бороо болон амьжиргааны өртөг нэмэгдсэн нь хэрэглэгчдийн зарцуулалтад сөргөөр нөлөөлснөөр Японы эдийн засаг долоогоос есдүгээр сарын хооронд сүүлийн дөрвөн улиралд анх удаа агшсаныг Даваа гарагт нийтэлсэн албан ёсны тоо баримт харууллаа. 

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тайланд дурдсанаар, тус улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гуравдугаар улиралд жилийн дүнгээр 0.1 хувиар буурчээ. Энэ нь эдийн засагчдын 0.3 хувиар өснө гэж таамаглаж байснаас хамаагүй доогуур үзүүлэлт болсон байна. Улирлын дүнгээр авч үзвэл Японы ДНБ хоёрдугаар улиралд 0.4 хувиар өсөж байсан бол гуравдугаар улиралд зогсонги байдалд орж, зах зээлийн шинжээчдийн 0.1 хувийн өсөлтийн хүлээлтэд хүрсэнгүй. 

Японы эдийн засгийн гарцын талаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээ өмнөх улирлын адил 0.3 хувиар буурсан бол сүүлийн таван улирал дараалан өсөж байсан засгийн газрын зарцуулалт мөн энэ хугацаанд агшжээ. Хэрэглэгчдийн идэвх сулрахад цаг агаарын нөхцөл байдал ихээхэн нөлөөлсөн бөгөөд Японы Цаг уурын агентлагийн мэдээллээр наймдугаар сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл Токио хотод 37 хоног дараалан бороо орсон нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Түүнчлэн Ираны дайн болон иений ханшийн уналт Японы эдийн засагт хүнд цохилт болж байна.

Газрын тосны хэрэглээгээ бараг 100 хувь импортоор хангадаг Япон улс Ираны дайны улмаас шатахууны үнэ огцом өссөнд ихээхэн хохирол амсаж байна. Нефть тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолой бодитоор хаагдсан нь энэ хүндрэлийг улам даамжруулжээ.

Үүн дээр иений ханшийн сулрал эрчим хүчний үнийн өсөлтөд нэмэлт дарамт учруулж байна. Таван жилийн өмнө 115 иенээс доогуур байсан нэг ам.долларын ханш сүүлийн үед 160 иен орчимд хүрч өсөөд байгаа юм.

Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний татварыг бууруулах хуулийн төслүүдийг батлуулахаар хичээж байгаа ч улсын өр хэт ихэссэн болон татварын хөнгөлөлтийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэх болгоомжлолоос үүдэн уг төсөл батлагдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08