Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл болон гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, хариуцлагын тогтолцоог сайжруулах асуудал хөндөгдлөө. Тодруулбал, 2025 болон 2026 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулсан ч үүргээ хангалтгүй биелүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын “Хар жагсаалт”-ыг олон нийтэд ил тод зарлана гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хариуцлага алдсан, эхлүүлсэн бүтээн байгуулалт, засварын ажлаа хугацаанд нь дуусгалгүй дундаас нь орхисон, анх тохиролцсон төсөвт өртгийг үндэслэлгүйгээр дахин дахин нэмэгдүүлж, төсөвт хүндрэл учруулсан зэрэг үндэслэлээр уг жагсаалтыг гаргах юм байна.
Харин гэрээний үүргээ чанд биелүүлж, ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэж буй сайн гүйцэтгэгч байгууллагуудыг тусгайлан найдвартай түншүүдийн нэгдсэн бүртгэлд оруулна гэлээ.
Ингэснээр нийслэлийн зүгээс бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хариуцлагатай, чадавхтай компаниудыг бодитоор таньж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж хотын дарга онцолжээ.
АДМИН







Нийгэм


