Dark Light
Нийгэм | 2022-11-20

Намайг алгас, чамайг ч бас алгасчихсан шүү!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газраас “Намайг алгас” аян зарлаж, хөгшин залуугүй л энд тэнд “За, манийгаа алгасчихаарай. Анд аа, чамайг алгасчихсан шүү” гэж ярьдаг болсон нбайна. Баасан ах, Баасан эгчийн төрсөн өдрөөр Та бүхэнд хүрдэг, бурууг зөгий хатгах шиг элэглэж, зөвийг бал мэт амтархан дэмжих зорилготой “Шок шог мэдээ” ч энэ аянд нэгдлээ 

Яагаад намайг, чамайг, Таныг, нөгөө хэнийг, бас өнөө муу тэрийг алгасах ёстой вэ? Архины дон Монголыг ялж байна. Архидах өвчин Монголыг алж байна. 

Нэг жилд 50 мянган монгол хүн согтуу хөлчүүгээр машин барьж яваад баригддаг. Нүд нь эрээлжилж, тархи нь мансууран, хэл нь ээдэрч, гар нь гадаад далай, хөл нь Хөвсгөл далай хүртэл тэнэсэн 50 мянган согтуу толгой төмөр хүлэг унаад, Таны, миний, Та бидний үр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйрүүлэхээр мурилзан ирж явдаг. Машин унасан толгойгүй хүмүүс, жолоондоо мушгиулсан согтуу толгойнууд хутга далайсан хэрэгтэн, буу шагайсан алуурчин, бөмбөг нуусан алан хядагчаас дутахгүй аюултай. Баригдсан нь л 50 мянга шүү дээ. Согтуу эмэгтэй жолооч эрчүүдээсээ олон. Элбэрэлт ээж, үзэсгэлэнт бүсгүй шал согтуу, хөлцүү халамцуу гэгч нүд нь солийчихсон, нус нь цухуйчихсан шиг хүн алахаар айсуй. Машин барьж яваа найзыгаа, агсам тавдаг аавыгаа, гэртээ харих ээжийгээ, мориндоо морддог нөхрөө, уувал зүгээргүй эхнэрээ архинаас алгасвал тэр чухам аврал болно.  

 Шинэ жил дөхөж, зарим нь дэлхийд хамгийн түрүүнд гацуур модоо засч эхэллээ. Хандгай буганаас сүртэй үс гэзэг, төрсөн биеийг язайтал  барьсан цээж нүцгэн даашинзууд, оройтож ирдэг ананастай хүйтэн тахиа, бөглөө нь олддоггүй оргилуун дарс, Оны шилдгүүдийн элдэв хавтгай моднууд, халтууранд харайх хөтлөгч, дуучид, нийслэл салатаар гудамж будах шубтэн, гоонжтонгууд, согтуу гулзайх хүмүүс, осгож үхсэн ёолкчингууд… Энэ бол Монголын шал хотойлгосон их ёолкны дүр зураг. Манай оронд өнгөрсөн жил 90 хүн согтуугаар осгож амь алдсан. 90 баатрын хөшөө тийш зүглэх ардын мөр арилахгүй бол хөлдөж өнгөрсөн 90 иргэний мөр үүрд арилдаг. 101 согтуу хүн гар, хөлөө хөлдөөсөн. Онцгой байдлын утасны дугаартай адилхан 101 хүний эрүүл мэнд, эд эрхтэн бүхэн онцгой нөхцөл. Согтуу хөлчүүдээ гэмтэж бэртсэн хүний тоо жилд дундчаар 17 мянга. Уусан согтсон үедээ машин тэргэнд мөргүүлж бэртсэн хүн 2030. Халхголын дайны хохирлыг 3 нугална. Өдөр бүр дор хаяж 1 хүн архины хоронд амиа алддаг. Сүүлийн 5 жилд 419 мянган хүн эрүүлжүүлэхээр гэр хийж, засгийн бантан идсэн. Согтуу мастеруудын зодооноос жилд 3326 хүн бэртэж гэмтдэг. Хөлчүү согтуу явж байгаад гэмтэж бэртэгсэд 13 мянга шахам. Агсам согтуу тавьж, амьтан хүн зодон ял эдэлж байгаа 2500 гаруй хүний 70 хувь нь 40 хүртэлх насны залуучууд.    

Монгол хүний биед спирт задлах фермент байгалиасаа маш бага. Уг нь хар архи гэдэг байсан ч цагаан архи гэж өхөөрддөг болсон лонхтой шилтэй юм уувал орос хүн халж эхэлж байхад  монгол нь тас үсэрнэ гэсэн үг. Орос нь ажлаа алдахгүй нь их бол Монгол нь амьдралаа алах нь их. Шимийн архи шимдэг уламжлалаа орхиж, шилтэй архи залгилдаг болсон, ариун цагаан айргандаа хүртэл архи хийж холиод, амраг ханьдаа ч хэлдэггүй үгээр алаг нүдэн гэж энхрийлдэг болсон Монгол архинд ялагдаж байна. Намайг алгас! Би гэртээ эрүүл саруул харимаар байна. Маргааш өглөөний нарыг шартаж гэмшиж биш инээж баясаж угтмаар байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10