Та бид талх авахдаа ч татвар төлж л байдаг. Талх, сүү, гурил, будаа худалдаж авдаг хэн бүхэн, хүн бүр татвар төлөгч. Та татвараа төлөхдөө миний мөнгөөр гялтганасан шинэ машин сольж унаарай, тансаг зөөлөн буйданд тавлаж тухлаарай, ганган оффист суугаарай, сая саяар нь дарга нь даргаа шагнаарай гэж хүсдэг үү? Тэр тусмаа цар тахлын хүнд үед, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байхад сая саяар шагналд зарцуулаарай, сайхан машин авч унаарай л даа, за юу гэж захиж хэлсэн үү? Таны татварын мөнгийг Таниас татвар хураадаг байгуулага машин унаа, бэлэг сэлтэд тэрбумаар нь зориулсан байна. Татвар төлөгчид нь ч хүсээгүй байхад, төрийн хуулиар хатуу хориглож байхад татвар цуглуулдаг байгууллага нь ийм үлгэр үзүүлэхээр хаашаа харж, хэнд үгээ хэлэх ёстой вэ?
Баримт сөхье. Бүгдийг хөндөхгүй, заримыг нь онцолъё. Ковидын хууль хэрэгжиж, эрүүл мэндээ хамгаалахын тулд эдийн засгаараа хохирч, татвар төлөгчид нь ашиг орлого нь алга болж, цалин цавуугаа яая гэж байхад 2021 оны 12-р сард Татварын ерөнхий газрын дарга Заяабалын нэгэн тушаал гарчээ. ТЕГ, аймаг, дүүргийн татварын хэлтсийн дарга нар тус бүрдийг 15 сая, байцаагч нарыг 10 сая, өөрийнх нь жолооч тэргүүтэй ажилтнуудаа 5-7 сая төгрөгөөр шагнажээ. 32 хүнд 387 сая төгрөг. Шагнал гэнэ үү, тэтгэмж гэнэ үү, тусламж гэнэ үү, юу ч гэсэн Ковидын хуулиа баримталбал, татвар төлөгчдийн мөнгийг татвар хураадаг байгууллага ингэж зарцуулах эрхгүй. Өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа ковидын хууль хэрэгжиж байхад шинээр барилга байшин барихад 17,2 тэрбум, шинэ жийпнүүд авахад 851,8 сая төгрөг төлсөн байна. 2020 оны “Таванбогд” компаниас Ланд 200 зэрэг машин авахад 638 сая төгрөг, “Монгол Хьюндай” компанид 125 сая төгрөг шилжүүлжээ. Төсөвтөө тусгаж суулгаж батлуулаагүй 293,2 сая төгрөгөөр татварын байцаагчдын дүрэмт хувцас оёулж авч өмсөцгөөжээ. Татвар, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага цэрэг шиг дүрэмт хувцас өмсөж, дайн тулаанд орох гэж байгаа юм шиг манай танай гэж ялгардаг хууль журмаа өөрчлөхгүй юм байх даа. Татварын эрх зүйн баримт бичиг номыг 50 мянгаар үнэлэн татвар төлөгчдөд шахаж, татварын байцаагч нар номын худалдаачид болж хувирсан баримт ч сөхөгдлөө. Энэ янзаараа татварынхан зохиолчид шиг гарын үсэгтэй худалдаа, номын баяр хийх юм биш биз гэх болгоомжлол төрж байна. Хэний ч мөнгөөр бай төрийн албан хаагчид, тэртусмаа татварын албаны дарга нар сургалтынхаа үеэр сугалаа явуулж, хурдан удмын даага, хөөрөг хонжворт нь олгосон нь ёс зүйгүй явдал болсон байна. Татварын нэг дарга хувиасаа ч бай хувьсгалаас ч бай нөгөөгийнхөө хонжворт хурдан даага, хөөрөг хандивлах хэмжээний бэл бэнчинтэй байна гэсэн үг.
Татвар хураадаг байгууллага нь татварын мөнгийг ингэж зарцуулсан гэхээр чононд мах хадгалуулахын үлгэр л санаанд орно. Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр үнэтэй ланд авч төрийн хэмнэлт хийх юм уу? Сая саяар нь тэтгэхийг хэмнэлт гэж үзэх юм уу? Эгэл нэгэн айл цалин, орлого бага байна, юмны үнэ өслөө, жаахан хэмнэе гэсэндээ шинэ машин авах уу? Бие биенээ 15 саяар шагнахаа хэмнэлт гэж мэлзэх үү? гэж Таниас асууя. Та татвар төлөгч. Талх авахдаа л татвар төлчихдөг. Таны мөнгө учраас таниас асуулаа.
АДМИН






Нийгэм






