Андын холбоос архи биш гэсэн агуулгыг Монголчууд нийтээрээ ойлгох, дор бүрдээ ухамсарлахаас аргагүй цаг ирж. Алгуурлах хугацаа бараг үлдсэнгүй. Үгүй бол хэлж ирдэггүй өвчин, зовлонгоор биш архинаас болсон ахуйн ослоор л эрүүл чийрэг, ид насны иргэдээ хэдэн зуу, мянгаар нь зуурдаар алдаж дуусч мэдэхээр боллоо. Нэг ёсондоо монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байгааг баримт хангалттай хэлж өгч байна.
Албан ёсны статистикаас харвал манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 55 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр нарийвчилбал, үүний 12 литр нь хатуулаг өндөртэй буюу спирт, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байгаа нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Уг нь ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 12 литрт хүрсэн нь онц ноцтой гэж улаанаар тэмдэглэхээс аргагүй болсныг мэргэжлийн байгууллагууд хөндсөөр байгаа.
Гурван сая иргэний 100 мянган хүн амд ноогдох тоогоор авч үзвэл архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр хэрэглээтэй нь Беларусь, Монгол Улс болж архинаас шалтгаалж нас барахаас гадна зохисгүй хэрэглээгээрээ мөн л дэлхийд хар тамга даруулах хэмжээнд хүрчээ. Гэтэл энэ үзүүлэлт буурах нь битгий хэл согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж, туйлдаа хүрчээ.
Монголчууд нийтээрээ нэг л том дайсантай болж. Түүнтэй ухамсар, хандлагаараа л тэмцэхгүй бол төр засаг архи уухыг мянга түмэн удаа хориглож төмөр нүүрээ харуулаад эцсийн шийдвэр иргэний “тархи”-нд л бий. Цагдаагийн байгууллагын бүртгэл дээрээс багахан тоо нэмж, хасахад л бидний өнөөгийн дүр зураг ядах юмгүй гараад ирнэ. Тодруулбал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хордлогод орж өдөрт нэг, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсаныг сүүлийн таван жилээр нь тоймлож харвал зөвхөн архины хордлогоор 1817 хүн нас баржээ. Үүнээс гадна бас нэг харамсалтай тоо нь мөн л архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард долоо, жилд 89 хүн осгож амь насаа алдсан байна. Үүнийг сүүлийн таван жилээр нь харвал 447 хүн осгосон. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдсан нь 600. Өөрөөр хэлбэл, 2864 хүн зөвхөн архитай холбоотой ахуйн ослоор амиа алдсан байх жишээтэй. Гэтэл тэдгээр хүмүүс хэн нэгэн шиг эдгэшгүй өвчин тусаж эмнэлгийн үүд сахиагүй. Ажил хөдөлмөр хийж амьдралын төлөө тэмцэж яваад үрэгдээгүй нь даанч харамсалтай. Эндээс харвал, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хамгийн багаар бодоход арван мянган халуун ам бүлийн элэг эмтэрч, ах, дүү хамаатан садан нь гомдол, харуусал дүүрэн энэ хорвоод үлдэж байна. Архийг тааруулж хэрэглэсэн бол, огт хэрэглээгүй бол, магадгүй тэр өдөр найз нөхөд, ажлын хамтрагчид нь дуудаагүй бол гэсэн асуулттай хоцорч байна. Тэгвэл архи согтууруулах ундаа нас баралтад хүргээд байгаа шалтгааны талаар Аддиктологийн төвийн донтолтын эмч Т.Түвшинжаргал “Нас баралтын гол шалтгаан нь архины хордлого буюу нэг дор их хэмжээгээр уух. Дараа нь хөлдөлт, осголт орно. Архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр хэрэглэснээс цоо эрүүл хүн нас барж байна. Байнгын тогтмол хэрэглээтэй бол хавсарсан өвчин, жишээлбэл, чихрийн шижин өвчинтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс цусан дахь сахарын хэмжээ багассанаас шоконд орж нас бардаг. Эсвэл амьсгал боогдоод зогсчихдог. Санамсаргүй тохиолдлын үед архи уухаараа ухаан алдсанаас бөөлжсөндөө огиж, хахна. Мөн тархи, зүрх, элэг зэрэг эд эрхтэн архинд хордсоноос дутагдалд ордог. Хүн хордлогод орсноор ухаан санаанд нь өөрчлөлт орж орон зай, орчноо мэдрэхээ больж ухаан алддаг. Олон төрлийн хордлого дундаас архиных маш хүчтэй, амь насанд хүрэх хэмжээний аюултай. Архины хордлогод орсон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч аврах боломж тааруу. Архи хүний эд эрхтнийг усгүйжүүлдэг учраас цусны өтгөрөл үүссэнээс цус харвах, зүрх зогсох өндөр эрсдэлтэй. Архи, согтууруулах ундаа хүний биед 60-70 өвчин үүсгэж байдаг. Эхэн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа хордуулж, өвчин үүсгэдэг учраас хүмүүс мэддэггүй. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй” гэлээ.
АДМИН






Нийгэм






