Dark Light
Нийгэм | 2022-11-21

Архинаас үүдэн сүүлийн 5 жилд 16,634 хүн ял эдэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын дайсан архидалт гэдгийг хэлж өгөх хоёр дахь баримт. Залуучууд ид хийж бүтээх насаа торны цаана өнгөрүүлж байгаагийн ихэнх нь бас л архины хорлол. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед өдөрт ес, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулжээ. Таван жилд 16.634 хүн ажил хийж гэр бүлээ халамжлах, улс орондоо баялаг бүтээх цаг хугацаагаа хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрүүлж байна. Үүнээс гадна эрүүлжүүлэгдсэн хүний тоо мөн л цочирдом. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өдөрт 231, сард 6935, жилд 83231 хүн эрүүлжүүлэгдсэнийг таван жилээр нь нэмбэл  416.159 хүн болж байна. Өөрөөр хэлбэл, хагас сая хүн халуун ам бүлтэйгээ биш хүйтэн торны цаана хоног төөрүүлжээ. Үүний цаана цагдаад бүртгэгдээгүй ч их бий. Үүн дээр архинаас үүдэлтэй осол гэмтлийн тоог нэмбэл муухайгаар зүйрлэвэл “дайн” самуунтай орон шиг л байна. Сүүлийн таван жилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хүн 5152, гэмтсэн 897, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 163582 байх юм. Энэ бүхнээс харвал монголчууд архинд живсэн гэж хэлэхэд ер хилсдэхээргүй болжээ. Хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн, эрүүлжүүлэгдсэн гээд архины хамаарлаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг тооцож барахгүй биз. 

Уг нь эрдэнэт хүний алтан амийг аюулт өвчин л дийлдэг бол одоо архи ядах юмгүй ялж, үлдсэнийх нь амьдралыг төмөр торны цаана суулгаж орвонгоор нь эргүүлж байна. Үндсэндээ нийтээрээ архийг жигшиж, бүр болохгүй юмаа гэхэд соёлтой боловсон хэрэглэж дадвал бидний хүсдэг аз жаргалтай нийгэм цогцлоход том ахиц гарахаар байна. Харин эцсийн эцэст амьдралаа бүтэн авч үлдэх ухаан хувь хүний зүрх сэтгэл, ухамсарт л бий. Өөр юунд ч найдаад нэмэргүй. Тиймээс ардын дайсан болсон архидалттай одоо л тэмцэхгүй бол хожимдох нь ээ. 

No description available.

Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх зорилготой “Намайг алгас” аяныг зарлаад байна. Аяны гол зорилго нь хамт олон найз нөхдийн архидалт, хавтгайрсан хэрэглээнээс залуу үеийг татгалзуулах, чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлж гэр бүлдээ цаг зарцуулахад уриалах явдал юм. Мөн архи согтууруулах ундаатай тэмцэх Төрийн тэргүүний зарлиг гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Архидалт, ажилгүйдлээс үүдэж айл гэр, нийгмийн амьдралд гарч байгаа сөрөг үр дагаварыг бууруулахын тулд аль алиныг нь орхигдуулж болохгүй.Хамтад нь цогц байдлаар хийнэ. Согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор архинд донтсон хүмүүс 6.2 хувьтай байна. 21-ээс дээш насныхны тархалтыг тоогоор нь харвал 90 мянга орчим байна. Үүний цаана ихэвчлэн 38-40 градусын хатуулаг өндөртэй согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаан өндөр хувийг эзэлж байгаа нь аюул юм. Архидалттай тэмцэх 10 жилийн цогц арга хэмжээ зарлаж байна гэсэн үг. Энэ хугацаанд хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Мөн боловсролын сургалт агуулгад тусгаж өгөх зэргээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бодит хүлээлттэй байгаа” гэж манай сонинд ярилаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10