Индонези улсын баруун Жава арал дээр энэ долоо хоногийн даваа гарагт 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлж 162 иргэн амь эрсэдсэн тухай мэдээлээд байсан. Аврагчид хоёр дахь шөнө байгалийн гамшигт өртсөн нутаг дэвсгэрт ажиллаж 268 хүн амь үрэгдэж, 151 иргэн сураггүй алга болж, 1,000 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мэдээллийг өгчээ.
Барилга байшин, зам гүүр ихээр нурж сүйдсэн тул хохирогчдод туслах болон тэдний байршлыг тогтоох амаргүй байгаа ажээ. Гамшгийн хор хөнөөлийг арилгах үндэсний газар газар хөдлөлтийн улмаас 22,000 гаруй байшин нурж, 58,000 гаруй хүн түр орогнох газарт шилжсэнийг мэдээлсэн байна.
Газар хөдлөлт уулархаг бүсэд болсон тул хөрс гулсаж, Чианжур тосгоны ойролцоох тосгонууд бүхэлдээ булагдсан гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсчээ.
Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо байгалийн гамшигт өртсөн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Тэрээр нурангинд дарагдсан хохирогчдыг гаргаж авах нь нэн тэргүүний зорилт гэдгийг мэдэгджээ.
Иргэдийг эрэн хайх аврах ажиллагаанд олон зуун цагдаа, аврах албаны бие бүрэлдэхүүн дайчлагдан ажиллаж байна. Save the Children байгууллагын мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлтөд Жава арал дээр үйл ажиллагаа явуулдgu 80 орчим сургууль эвдэрч сүйтгэгдсэн гэжээ.
Эх сурвалж: ВВС
АДМИН








Нийгэм





