Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос гэр хороолын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг энэ онд үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх оны төсөвт дээрх хөнгөлөлтөд 34.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.
Мөн ЭХЗХ эрчим хүчний салбарын алдагдалтай ажиллаж буй өнөөгийн хүнд нөхцөл байдлыг харгалзан ААН, байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч дээрх хоёр шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь тус хорооны шийдвэрийг ХЗДХЯ баталгаажуулаагүй буюу албажуулаагүйгээс хүлээгджээ. Энэ талаар ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулав.

Тэрбээр, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэрийг 2017 оны долдугаар сард гаргасныг тодотголоо. Улмаар 2020 онд аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай төв суурин газрын гэр хороолын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг мөн 100 хувь хөнгөлөхөөр болсон. Энд Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, Харинхорин, Замын-Үүд, Мандал, Булган гэсэн 4 суурин сум хамрагдаж буйг онцоллоо.
Дээрх хөнгөлөлтийн тарифын зөрүү татаасыг УИХ хэлэлцэн ирэх оны төсөвт багтаан 11 дүгээр сарын 11-нд баталсан. Үүний дагуу ЭХЗХ хугацаа алдахгүй гэдэг байдлаар хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэр бүхий тогтоолоо тухайн сарын 14-нд гаргажээ.
Гэр хорооллын хэрэглэгчдийн шөнө, оройн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөх шийдвэр ирэх онд бүрэн хэрэгжинэ.
АДМИН







Нийгэм






