Хотын Ерөнхий архитектор нь өөрөө хотынхоо Ерөнхий төлөвлөгөөг эвддэг, хууль журам, хотын даргынхаа тушаалыг зөрчдөг хот хөгжих үү? Хорвоод хосгүй суу зальтай хүн гурван төрд нүүртэй бол хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж 6 төрд нүүртэй. Улаан хацарт Батбаяр, цагаан толгойт Бат-Үүл, алдарт уяач Су.Батболд, аварга бөх Сумъяабазар нар ирж буцаж байхад Нацагдорж сандалдаа хадагдаж, суудалдаа гагнагдан, ээлж халаагүй энэ цагийг эзлэн сууж байдаг. АН-аас нэр дэвшиж МАН-ын генсект ялагдсан ч МАН-ынх нь Сумъяабазарын дэргэд үсрээд гараад ирж чаддаг дэвхрэг шиг гэх үү, нэг тийм цавуулаг чанар ихтэй хүн. Хотын дарга нь хотын төвд А бүсэд шинээр барилга бариулахгүй гэж тушаал гаргаж, барьсныг нь одоо нураалаа, хараарай за юу, гэж лайвдаад байдаг. Хотын Ерөнхий архитектор нь яг хажууд нь тэр бүхнийг зөрчиж зөвшөөрөл олгоод байдаг. Босгох уу, нураах уу? Хотын дарга хотын архитектораа шуудагдаад түрж хөөдөггүй юм гэхэд хариуцлага тооцох болов уу гэтэл байдаггүй. Хариуцлага гэснээс Н.Нацагдорж өмнө нь 2 удаа халагдаад 2 удаа эргэн ирж чадсан ид шидтэй хүн. 2012 онд хууль бус барилгад зөвшөөрөл өгсөн тул огцруулсан. Тэр дороо л буцаад тавигдсан. 2015 онд Баянгол дүүрэгт гарааш барих газарт 18 давхар байшин босгохыг зөвшөөрснөөр, хөрс нурж, хажуугийн орон сууц нь хазайж, 50 айлын 200 хүнийг зочид буудалд шилжүүлэн, Нацагдорж 2 дахиа халагдсан. Ахиад л хүрээд ирсэн. Замын цагдаагийн шинэ гүүрний баруун буух хэсэгт хувийн компанийнх нь барилга шавар хаан хөндөлдөж, төв коллекторын шугамыг түүнээс болж өөрчилсөн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналт Н.Нацагдоржийн ажлыг шалгажээ. Замтай тулгаж барьсан, орц гарц хаасан, хажуу байшингийнхаа нар, гэрлийг хаасан, нийтийн эзэмшлийн талбайг нэмэх шаардлагыг хэрэгсэхгүй гэх мэт барилга байшинд зөвшөөрөл олгосон бол зүгээр л наад захын жагсаалт.
Байгаль орчны сайд Богд ууланд түр отоглох байр барихыг зөвшөөрснийг аялал жуулчлалын цогцолбор болгож чадсан. Түүх, соёлын биет дурсгал дээр 15 давхар байшин барихыг дэмжсэн, Хүннү 2222 хороололд сургууль, цэцэрлэг барих хотын даргын захирамжийг огт авч хэлэлцэлгүй 11 блок орон сууц босгохыг зөвшөөрсөн. Нийт өрхийн 75 хувьд машины зогсоол, 1000 айл тутамд цэцэрлэг барих дүрэм журмыг хотын Ерөнхий архитектор нь ингэж зөрчиж байгаа тул хотын Ерөнхий төлөвлөгөө цаасан дээр л үлдэх болж байна. Хотын иргэдийн хурал дуудахаар ирдэггүй, хотын даргынхаа шийдвэрийг ч тоодоггүй хотын Ерөнхий архитектортай хот босох уу, нурах уу?
АДМИН








Нийгэм







