Dark Light
Нийгэм | 2022-11-27

Бүтэн өнчин 4 хүүхдийг асран хамгаалж буй багшид сайд талархал илэрхийлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төвдөө асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал илэрхийллээ. 

Тэрээр: Монголын үрс эрүүл энх, эрдэм боловсролтой, зөв хүмүүжилтэй байж гэмээнэ Монголын ирээдүй өөдрөг гэрэлтэнэ гэж би итгэдэг. Угаасаа ингэж бодохгүйгээр сайдын ажлыг хийнэ гэдэг худал ажиллахын нэр төдий болно. Хүүхэд бүр аав ээждээ эрхлэн аз жаргалтай сайн сайхан амьдарч өсөх ёстой атал хэлж ирэхгүй амьдралын бэрхшээл зовлон дунд нялх балчир үрс минь хүүхэд насны аз жаргал баяр хөөрөө умартан турьхан биедээ дааж давшгүй хүнд ачааг үүрч яваа нь харамсалтай. 

1-12-р ангийн бүтэн өнчин 4 хүүхдийг эрсдэлтэй хүнд нөхцөл байдлаас нь салгаж өөрийн ажиллуулж байсан өдөр өнжүүлэх төв дээрээ асран хамгаалж байгаа Ц.Мөнхтуяа багшид мянга, мянган багш, хүүхдүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эдийн засаг хүндэрсэн энэ хүндхэн цаг үед дөрвийн дөрвөн бага насны хүүхдийг өөр дээрээ авч явна гэдэг бол жинхэнэ багш хүнээс л гарах сэтгэл гэж бахархан харж байна. 

Монгол багшийн энэрэнгүй өрөвч сайхан сэтгэлээр 4 хүүхдийг хайрлан халамжилж байгаа Мөнхтуяа багш болон Багшийн хайр ТББ-ын халуун сэтгэлт багш нартаа маш их баярлалаа. Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрч явдаг гэж ардын сайхан үг ч бий. 

Өнчрөлийн зовлонд шаналж яваа өөдөсхөн жаахан үрсэд ардын багшийн ачлал хайрыг мэдрүүлэн амьдрах итгэл бэлэглэж байгаа ачит багш нартаа гүнээ талархъя" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19