Хөгжлийн банкныхан Улаанбаатар чуулгын танхимд хуран чуулж байна. Банкны үе үеийн ТУЗ, удирдлага, ажилтнууд, зээлдэгчдийн урлагийн их наадам бол биш. Хөгжлийн банкны хөгжилд тэмүүлсэн, дэвшилд хөтөлсөн тэгш их ойн баярын хурал бүр ч биш. Хөгжлийн банкны шүүх хурал. Шүүгч нар урлагийн алтан тайзан дээр сандал, ширээ засаж, хэрэгт холбогдсон 80 хүн, түүний дотор УИХ-ын гишүүд, 4 хуулийн этгээд, өмгөөлөгч нарын хамт, прокурор, шинжээч, гэрч, шүүхийн ажилтнууд байраа эзэлсэн байна. Орох орон, оочих аягагүй шахам Монголын шүүх Улаанбаатар чуулгаас концертын танхим түрээслэн үнэн, худлыг дэнсэлж байгаа юм. Тайз, үзэгчдийн суудлаас хавтаст хэргийн дугаар, хуудас, баримт, нотолгоо ярих шүүгч, өмгөөлөгч нар бие биеэ олж харах, сонсохыг ихэд хичээж байна. Урлагийн алтан тайзны хурц гэрэл шүүгч нарын нүдийг гялбуулж байгаа бол, бүгдийн ирээдүйг дээрэмдэгчид арын эгнээний сүүдэр, намхан сандалд нугдайж байна. Хөгжлийн банкны нийт зээлийн 81,6%-ийг нь зориулалт нь бүрэн бус, зориулалт бусаар ашигласан.
84 холбогдогчтой Хөгжлийн банкны хэрэг чуулгын танхимд болж байгаа бол 10 мянга гаруй гэрчтэй, 200 гаруй хүн холбогдсон нүүрсний хулгайн шүүх хаана багтаж шингэх нь тодорхойгүй байна. Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт явуулна гэвэл наадмын торгон дэвжээ бохирдох гээд байдаг. Хөгжлийн банкны тонуул гэснээс ломбард дээрэмдсэн хэрэг, нүүрсний хулгай гэснээс халаасны хулгайн шүүх хурал томхон орон сууцны жорлонгоос бага 10 метр квадрат талбайтай тасалгаанд болох ч тохиолдол бий. Хүчин, хүн амь, дээрмийн хэргийн яллагдагч, хохирогч, гэрч, шүүгч, прокурорууд унтлагын жижиг өрөөнд хавирга сүвээгээ нийлүүлж, халуун ам бүлээрээ буу халж байгаа юм шиг орчинд зарим шүүх хурал болдог. Орох орон, оочих аягагүй айлаас хараат бус, бие даасан байдал нэхнэ гэдэг зөвхөн Монголд л байдаг дүп шаардлага. Хөгжлийн банкныхан концертын танхимд шүлэг уншаагүй, шүүлгэж дэнслүүлж байна. Хөгжлийн банкныхан дуулаагүй, дуудагдаж байна.
АДМИН








Нийгэм







