УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 2012-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ улсын төсөвт 8,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар баримт мэдээлэл 2017 онд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, яллагдагчаар татагдсан. Гэвч Нийслэлийн прокурорын газрын 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас өөрөөс нь тодруулахад тэрээр огт тийм асуудал байхгүй талаар хэлсэн юм. Гэвч баримт худал хэлэхгүй.
БАРИМТ ҮЗҮҮЛЬЕ!
2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт орон нутгийн өмч бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын байдалд болон санхүүгийн шалгалт хийгдсэн.

Уг шалгалтаар Жамбын Батсуурь нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан 8,9 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн.

БАРИМТЫГ ЗАДАЛЖ ҮЗЬЕ!
Дээрх шалгалтын тайланд дурьдсанаар Жамбын Батсуурь нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон. Төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус" компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн" компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авсан.
Мөн өөрийн эхнэр Ж.Гантулгын нэр дээрх Эс Ви Жи Жи ХХК-ийн 179 сая 731 мянга 332 төгрөгийн ус дулааны өр төлбөрийг чөлөөлж Дөрвөлж орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсан, А/20 дугаартай захирамжаар эхнэрийнхээ компанид сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар 3000м2 газрыг олгосон.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлж аваагүйгээр автомашин худалдан авсан гэх зэргээр 8,9 тэрбум төгрөгийн 6 төрлийн зөрчлийг илрүүлсэн байдаг.



Шалгалтаар илэрсэн зөрчилд Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагааг явуулан тогтоож 2017 оны долоодугаар сарын 28-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн агуулга бүхий тухайн үеийн ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн албан тоотыг та харж байна.

Үүнээс хойш хагас жил гаруйн хугацааны дараа Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан.
Хяналтын прокурор Н.Амарсанаагийн 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолд яллагдагч Ж.Батсуурийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд эргэлзээ төрж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн байна.

Бид хардах эрхтэй. Тухайн үедээ аймгаасаа баян Засаг ноёны жагсаалтыг тэргүүлж хамгийн их орлоготой, хамгийн үнэтэй орон сууцтай засаг даргаар шалгарч явсан, яллагдагчаар татагдсан хэргээ мэдэхгүй гэж мэлзэж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт харин эргэлзээ төрж байна.
Прокурорын тархи эргэлзсэн ч тоо худал хэлэхгүй. Цагаан дээр хараар бичсэн 8,9 тэрбум төгрөгийн зөрчил, улсын төсөвт учирсан хохирлыг хэн барагдуулах вэ, хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт хариултаа нэхээд гээгдэж хоцорсон.
Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Эхнэртээ 500 мянган төгрөг илүү шилжүүлж улсын төсөвт 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хүн хэдэн жилийн ял авдагийг бид ойрын жишээнээс харж болно.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шүүр ажиллагаа тэтгэвэрийн хөгшчүүл, төрийн үйлчилгээний хэдэн албан хаагчдаа шүүрдээд өнгөрөх бус хийсэн ч хийгээгүй, мэдсэн ч мэдээгүй гээд өнгөрүүлдэг эргэлзээ төрүүлсэн энэ мэт хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сөхөн хариуцлагажуулж эхнээс нь шүүрдэж цэвэрлэхийг сануулж байна.
АДМИН








Нийгэм







