НИТХ-ын 2017 оны 66 тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ныг Нийслэлийн хөрс хамгаалах өдөр болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Чингис хаан одонт, академич, доктор, профессор, хөрс судлаач Д.Доржготов хөрсний экологийн асуудлаар залуу хойч үе, салбарын судлаач, ажилтан, албан хаагчдад хандан зөвлөгөө өгсөн. Мөн салбарын эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдол, доройтлыг бууруулах чиглэлээр хийсэн орчин үеийн шинэлэг судалгаа, мэдээлэл, технологийн шийдэл, санал зөвлөмжийг танилцуулсан юм.
Нийслэлийн хөрс хамгаалах өдрийн хүрээнд хөрсний бохирдол, доройтол, түүнийг бууруулах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон хэлэлцлээ. Түүнчлэн цаашид төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнд тусгах саналыг салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс хүлээн авч, нэгтгэсэн юм.
Мөн судлаач оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл, ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулан өргөмжилж, мөнгөн шагналаар шагналаа.
Оюутнуудын дунд зохион байгуулсан илтгэлийн уралдаанд:
Нэгдүгээр байрт: ХААИС, ХБО-ны хяналт, үнэлгээ хөтөлбөрийн магистрант О.Ариунаа "Татмын нугын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулсан технологийн туршилт, судалгааны ажлын дүн" сэдвээр
Хоёрдугаар байрт: МУИС, Хүрээлэн буй орчны инженер, 3-р курсийн оюутан Н.Ариун-Эрдэнэ "Хөрсөн дэх хүнд металлыг электрокинетикийн аргаар бууруулах судалгаа" сэдвээр
Гуравдугаар байрт: ХААИС, ХБО-ны хяналт, үнэлгээ хөтөлбөрийн магистрант У.Чулуунчимэг "Буурцагт ургамлаар хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулсан технологийн туршилт, судалгааны ажлын дүн" сэдвээр,
Тусгай байрт: МУИС, Хүрээлэн буй орчны инженерийн 3-р курсийн оюутан Б.Мөнгөнчимэг "Хүнд металлын хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ" сэдвээр тус тус шалгарсан.
Гар зургийн уралдаанд:
Нэгдүгээр байрт: Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 5г ангийн сурагч Ө.Болорцэцэг,
Хоёрдугаар байрт: Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 5и ангийн сурагч Т.Чинзориг,
Гуравдугаар байрт: Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн 4е ангийн сурагч Н.Энэрэл нар шалгарлаа.
АДМИН








Нийгэм







