Dark Light
Гадаад | 2026-11-13

FREE MALAYSIA TODAY: МОНГОЛ УЛС Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГЭЭР МАЛАЙЗАД ДИПЛОМАТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | FMT

Гомбожавын Занданшатарын мэдэгдэл Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонорт хүрч эхэлжээ. Монгол Улс дипломат суваг болон олон улсын индрүүдээр дамжуулан Малайзын албаны хүмүүсээс хариу авч, уулзалт хийхийг зорьж байна хэмээн Малайзын Free Malaysia Today (FMT) цахим портал мэдээлэв.

FMT порталын бичсэнээр бол Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн хэргийн талаар хариу өгөхийг шаардаж, уг асуудлаар Малайзын эрх баригчдыг хамтран ажиллахыг хүссэн дипломат шаардлага (демарш) хүргүүллээ.

Уг хэргийг хариуцсан Монгол Улсын тусгай элч Гомбожавын Занданшатар өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр уг дипломат нотыг 11-р сарын 10-ны өдөр Бангкок болон Бээжин дэх Малайзын Элчин сайд нарт гардуулан өгсөн болохыг мэдэгдэв.

Энэхүү дипломат шаардлагаар хэргийн шүүн таслах ажиллагаа болон Монголын Засгийн газраас тавьсан хүсэлтүүдийн талаар Путражаягаас (Малайзын Засгийн газар) албан ёсны хариу өгөхийг шаарджээ.

Хүсэлтүүдийн нэг нь цагдаагийн ажилтан асан Сирул Азхар Умар, Азилах Хадри нарын үйлдэлд Малайзын Засгийн газар хуулийн хариуцлага хүлээхгүй гэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн нэгдүгээр сарын 20-ны шийдвэрийг эсэргүүцэн гаргасан Ш.Алтантуяагийн аав Сэтэвийн Шаарийбуугийн гомдлыг харгалзан үзэх явдал юм.

Мөн Давж заалдах шатны шүүхээс 2006 онд Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт улс төрийн шинжээч Абдул Разак Багинда, Сирул болон Азилах нарын эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлээр ар гэрийнхэнд нь олгохоор тогтоосон 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая ринггит болгон бууруулсан байдаг.

Түүнчлэн 2014 онд эх орноосоо гарч, одоо Австралид оршин сууж буй Сирулыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгүүлэхийг уг дипломат шаардлагад хүссэн байна.

Нэмж дурдахад, шинээр илэрсэн болон өмнө нь шалгагдаагүй нотлох баримтуудыг яаралтай шалгаж, явцын талаарх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэнд өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргэж байхыг хүсжээ.

Г.Занданшатар Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Монгол Улс “харамсаж” байгааг илэрхийлээд, хэрэв уг хэрэгт төрийн болон цагдаагийн албан хаагчид холбогдсон бол Малайзын Засгийн газар “тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой” хэмээн нэмж хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар хэлэхдээ, Засгийн газар энэ асуудлыг Нэгдсэн Үндэстний Байгууллага, цаашлаад Олон улсын эрүүгийн шүүх зэрэг олон улсын түвшинд үргэлжлүүлэн хөндөж тавих болно гэлээ. Гэсэн хэдий ч тэрбээр Монгол Улс Малайзын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг болохыг онцолсон байна.

Тэрбээр Монгол Улс дипломат шаардлагадаа албан ёсны хариу авч, уг хэргийн талаар Малайзын албаны хүмүүстэй уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон УИХ дахь Монгол-Малайзын парламентын бүлгээс холбогдох харилцаа холбоо тогтоох боломжтойг дурджээ.

Гэхдээ тэрбээр Малайзын Засгийн газрын албаны хүмүүстэй хийх уулзалтын тов хараахан гараагүй байгааг хэлж, Монгол Улс шаардлагуудаа дипломат болон хууль эрх зүйн сувгаар дамжуулан үргэлжлүүлэн уламжилж байгааг тэмдэглэв.

Эргэн сануулахад, 2025 оны 10-р сарын 16-ны өдөр Дээд шүүхээс Азилахын гаргасан нэмэлт мэдүүлэг болон хууль ёсны мэдэгдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар С.Шаарийбуугийн гаргасан шүүхийн хяналтын гомдлыг хэлэлцэхийг зөвшөөрсөн юм. Харин энэ оны 10-р сарын 6-нд Дээд шүүх уг хэргийн шүүх хурлыг 2027 оны 1-р сарын 12 хүртэл хойшлуулаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08