Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчилж, "Бидний бахархал” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ Булган аймгийн сум, орон нутагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд тус аймгийн Тэшиг сумын иргэд, ЕБС-ийн сурагчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад танилцуулга мэдээллийг хүргэж, тодорхой сэдвүүдээр лекц уншлаа. Тодруулбал, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энболд Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол ҮБХИС-ийн ахмад багш бэлтгэл хурандаа С.Энхтайван “Залуучуудын эх оронч үзэл хүмүүжлийн онцлог асуудлууд”, сэдвээр лекц уншсан юм.
Мөн тус сумын ЕБС-ийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг зохион байгуулж түрүүлсэн багийн тамирчид болох ЕБС-ийн 11а ангийн сурагч Ц.Гантогтох, Э.Мөнхтүшиг, Т.Өсөх-Ирээдүй нарт БХЯ-ны "Шонхор" хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг гардуулан өглөө.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдаа энхийг дэмжих ажиллагаанд оролцуулж эхэлсний 20 жилийн ойд зориулан бэлтгэсэн “Энхийн үйлсэд 20 жил”, эх орон, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Тусгаар тогтнолын үнэ цэн” баримтат киног хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залуучуудын хүртээл болголоо. Арга хэмжээний төгсгөлд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн урлагийн тоглолтыг толилуулсан юм.
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хөгжмийн салааны алба хаагчид дуут жагсаалын үзүүлбэр, тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид жагсаал, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн цэргийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг сумын нийт иргэд, хүүхэд залууст толилууллаа.
АДМИН








Нийгэм







