Сайна байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Намайг Б. Мөнхтулга гэдэг. 25 настай, шивээс хийж эхлээд 4 жил болж байна.
Та хэзээнээс шивээс сонирхож эхэлсэн бэ?
Анх 10 жилд сурч байхдаа нэг гараа битүү шивээстэй болгохыг хүсдэг байсан. Эцэг эх маань тэр үед зөвшөөрдөггүй байсан. Дараа нь 10 жилийн сургуулиа төгсөөд 18 нас хүрэхдээ анх удаа өөрийнхөө бие дээр шивээс хийлгэж байлаа.
Хаана шивээс хийж сурсан бэ?
Интернэтээс бичлэг үзээд тэрийгээ найзууд дээрээ туршаад, өдөр бүр дадлага хийж байж сайжирсан, ямар нэгэн сургалт бол төгсөж байгаагүй. Сүүлийн үед өөрийгөө олох тал дээр нилээн ажиллаж байна. Ямар шивээс хийвэл надад таалдагдах вэ? Миний дотроос ямар бүтээл гарах вэ гэдэг нь илүү чухал санагдаж байгаа.
Та ямар төрлөөр шивээс хийдэг вэ? Зарим артистууд зөвхөн өнгөт шивээс хийдэг эсвэл зөвхөн арт шивээс хийдэг гээд төрөлжсөн байдаг
Би сүүлийн 6 сар орчим хар, саарал шивээсийг түлхүү хийж байна. Одоогоор өнгөт шивээс ерөөсөө хийгээгүй. Цаашдаа хар, саарал шивээсээ илүү хөгжүүлээд явна.
Хамгийн анх шивээс хийсэн үеэ дурсвал...
Анх би нэг найзтайгаа 300 мянган төгрөгөөр нийлээд шууд л оффис түрээслэж байлаа. Тэгээд үлдсэн мөнгөндөө урт цагаанаас шивээсний багаж хэрэгсэл аваад өөр нэг найзыгаа дуудаад тэр найз дээрээ анх шивээс хийж байсан. Мэдээж одоо харахад их чанаргүй шивээс л дээ гэхдээ найз маань дурсамжтай гээд одоо болтол арилгаж даруулаагүй байдаг. /инээв/
Tattoo artist-ийн хувьд таны баримталдаг зарчим юу вэ?
Мэдээж хамгийн чухал зүйл бол ариун цэвэр. Шивээс бол жижиг хэлбэрийн мэс ажилбар учир ариун цэврийг сайн баримталдаг байх ёстой. Дараа нь аль болох гадны болон өөр артистын шивээсийг хуулж хийхгүй байх тал дээр анхаардаг. Манайхан ихэнхдээ аль хэдийн хүний бие дээр буучихсан шивээсний зураг авчирдаг. Маш цөөхөн хүн л надад ийм санаа байна энийгээ биеийнхээ энэ хэсэгт байрлуулмаар байна гэж ирдэг. Хүмүүсийг өөр артистыг бүтээлийг авчирхад би аль болох уусгалтыг нь өөрчлөөд ч юм уу эсвэл өөрийнхөөрөө засаж янзлаад хийж өгдөг.
Монголд шивээсний урлаг хэр хөгжиж байна вэ?
Миний хувьд гэвэл сүүлийн 2 жил илүү хурдацтай хөгжиж байгаа гэж харж байна. Хэрэглэж байгаа багажууд нь хүртэл шинэчлэгдээд гадны артистуудтай яг адилхан будаг, зүү, машин хэрэглээд сайн хийдэг болсон.
Шивээсийг таалдаггүй хүмүүсийн талаар ...
Нийгмийн масс шивээстэй хүмүүсийг харах өнцөг нь нилээн өөрчлөгдсөн. Ер нь маш сүртэй нүүр толгойгоороо шивээстэй биш л бол хүмүүс энэ гэмт хэрэгтэн байна гэх тиймэрхүү хандлага байхгүй болсон байна.
Шивээсний бэлгэдэл утга учрын тухай...
Тэр бол маш өргөн хүрээтэй сэдэв. Гэхдээ орчин цагт хүмүүс утга учир гэхээсээ илүү гоё харагдах, үзэмж талаа анхаарч хийлгэдэг болсон болохоор утга учрыг нь нэг их тоодоггүй.
Монголд шивээсий үнэлгээ ер нь хэр байна вэ?
Монголд шивээсний үнэлгээ муу гэдгийг бүх артистууд дуу нэгтэйгээр хэлнэ. Хийлгэж байгаа хүмүүс маань биднийг маш бага зардлаар шивээс хийдэг гэж боддог. Гэхдээ үгүй ашиглаж байгаа багаж хэрэгсэл, оффисын түрээс, ашигладаг будаг гэх мэт бүгд л гадны артистуудтай яг ижилхэн зардалтай.
Шивээс хийх болон хийлгэх хоёрын ялгаа мэдрэмж нь ямар байдаг вэ?
Шивээс хийх бол маш гоё. Хүмүүс өөрсдийн хүссэн шивээсээ хийлгээд аз жаргалтай гараад явахад сэтгэлд сайхан байдаг. Өөртөө нэмж шивээс хийлгэхэд ч мөн адил сайхан байдаг. Би яг л гүйцэт бүрэн болж байгаа юм шиг санагддаг.
Шивээс хэр хурдан эдгэдэг вэ?
Шивээс хийлгэсний дараа арьсны өнгөн давхарга нь 14-21 хоногт эдгэнэ. Шивээсний будаг арьсан доор бүрэн суурьлаж бүтэн эдгэхэд ойролцоогоор 3 сар шаардлагатай байдаг. Хүн хүний биеийн онцлог, дархлаа зэрэг өөр өөр учраас эдгэх хугацаа бас янз бүр байж болно. Тэр хугацаандаа шивээсээ наранд ил гаргахгүй, спортоор хичээллэж хөлсөө их хэмжээгээр гаргах, усанд дэвтээх хэрэггүй. Бүрэн эдгэсэн үед ч наранд их гаргавал өнгө нь ногоон ч юм уу саарал туяатай болдог тул бага гаргах хэрэгтэй.
Шивээс сонирхогчдод хандаж хэлэхэд...
Өөрийн хүссэн гоё шивээсээ л хийлгээрэй хүн дуурайх хэрэггүй шүү. Дөнгөж сурч байгаа хүн дээр битгий очоорой гэж хэлье ээ. /инээв/
АДМИН








Нийгэм






