Нэхэмжлэгч “О” НҮТББ нь нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т тус тус холбогдуулж
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газруудын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
НЭХЭМЖЛЭГЧ НЬ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ҮНДЭСЛЭЛЭЭ
Газрын тухай хуулийн 6.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.5-т усны сан бүхий газар, 15.1-д Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна гэж заасан. Усны тухай хуулийн 3.1.4-д "усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг гэж заасан.
Иймд тус газрыг хэн нэгэнд эзэмшүүлж болохгүй бөгөөд нийтээр ашиглах газар байна. Нийтээр ашиглах газрыг хуулийн этгээдэд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж нийт нийслэл хотын оршин суугчдын тус газрыг нийтээрээ ашиглах эрхийг зөрчсөн ба ийнхүү хуулиар шууд хориглосон газар Газрын тухай хуулийн 44.8-д заасныг журамлан тус хуулийн 32, 33-д заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй байдаг.
Үүнээс гадна, Усны тухай хуулийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Усны тухай хуулийн тус заалтыг зөрчиж "орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан.
Харин хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай А/1002 дугаар захирамжаар "Э" ХХК нь үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул тус компанид эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газрыг хасаж, өөрчилсүгүй гээд,
Мөн Нийслэлийн Засаг Даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” ХХК нь Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах, эд хөрөнгөд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны А/953 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг үүрэг болгосугай гэж тус тус шийдвэр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжийн “Э”ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхцуулж олгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 11-ны өдрийн дугаартай нэгж талбар бүхий 4.7 га газарт Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 11-ны өдрийн дугаартай нэгж талбар бүхий 2.9 га газарт "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэрүүд Усны тухай хууль, Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн, мөн өөрийн шийдвэрүүдийг зөрчиж байх тул Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх байдлаар барилгын ажлын зөвшөөрлөөр Дунд голын Усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга барих зөвшөөрлийг олгосон нь Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, Хот байгуулалтын тухай хуулийн 23.1-д заасныг тус тус зөрчжээ.
Мөн дээрх байдлаар Усны тухай хууль зөрчиж Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барилга барих эрх олгосноороо Улаанбаатар хотын иргэдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, Дунд гол цаашлаад Туул голд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцож үзэхгүйгээр Барилгын тухай хуулийн 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол, 7.1.3-т энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх, 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасныг зөрчсөн.
Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус байршилд орон сууцны барилга баригдахаар тусгагдаагүй атал Барилга, хот байгуулалтын яам нь Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.1-д хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих гэж заасан чиг үүргээ зөрчиж тус зөвшөөрлийг олгожээ.
Мөн Барилгын хөгжлийн төв нь дээрх хуулиуд болон Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 болон Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31.01.10, Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31.17.10 норм ба дүрмийг бүхэлд нь зөрчсөн барилгыг зураг төсөлд зөвшөөрсөн магадлалын дүгнэлт гаргасан нь Барилгын тухай хуулийн 39.5-д Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж заасныг болон хуулийн дээрх дурдсан заалтуудыг тус тус зөрчсөн тул Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирсан болон цаашид учирч болох бүхий л эрсдэлийг таслан зогсоох хүрээнд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлжээ.
АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан, “Э” ХХК-д анх газар ашиглуулах эрх олгосон 2008 оны 442 тоот захирамж болон газар ашиглах эрхийг эзэмших эрх болгож өөрчилсөн 2013 оны А/951 тоот захирамжид тус тус холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх эдгээр захирамжийн хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй,
“Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаартай захирамж болон газрын зориулалтыг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжууд нь өөр өөр цаг хугацаанд гарсан захиргааны актууд боловч үерийн далан баригдсанаар усны онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий газар хамаарахгүй талаар дүгнэсэн 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэл нь энэ захиргааны хэргийн маргаж буй үйл баримттай ижил агуулгатай гэж үзэхээр байна.
Маргаан бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарахгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллагыг “Э”ХХК-д усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй,
Усны эх үүсвэр, эрүүл ахуйн бүс, хамгаалалтын бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд харин маргаан бүхий газар нь хамгаалалтын бүсэд хамаарахгүй талаар 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, мөн маргаан бүхий газрын урдуур урсаж буй Дунд гол нь гол мөрний урсац бүрэлдэх эх болон рашаан бүхий газарт хамаарахгүй тул хот байгуулалтын үйл ажиллагааны хязгаарлалтад мөн хамаарахгүй,
Маргаан бүхий 2022 оны А/17 тоот захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор түүнд үндэслэж гараагүй, харин хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд газрын зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалтыг нэмсэн нь гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр биш тул нэхэмжлэгчийн газар олголт, барилгажилтын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга түдгэлзүүлсэн атал өөрөө зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх цаг хугацаанд гуравдагч этгээдэд олгосон барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй байх хугацаа дууссан, энэ тохиолдолд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүйг дурдаж,
Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон нөхцөлд шүүх тухайн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх ба энэ тохиолдолд маргаан бүхий А/17 тоот захирамж нь хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг үндэслэж гарсан барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектор, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжийн “Э” Констракшн ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, , нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2, ХТХ2 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД:
“Э” ХХК-ийн “********” хотхон барьж буй маргаан бүхий газар нь 2008 оны Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “Засгийн газрын “40000 айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны хороолол баригдах”-аар төлөвлөгдсөн болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 11 дүгээр сарын 11-ны 01/**** дугаар, мөн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01-05/**** дугаар албан бичгээр ирүүлсэн “...Х дүүргийн ** дугаар хороонд байрлах “Э” ХХК-ийн эзэмших газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” ** дугаар тогтоолд орон сууцны бүсчлэлд хамаарч байна” гэх тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өнөөдрийн маргаан бүхий нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь 2023 оны зун Улаанбаатар хотод хур бороо ихээр орж, хотын орчмын гол ус (Сэлбэ, Дунд гол) үерлэн (Дунд голын голдирлыг өөрчилсөн гэх), улмаар Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл үүсгэсэн тул тухайн үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагууд дээрх эрсдэл бүхий нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох арга хэмжээ авч ажилласан болох нь нийтэд илэрхий үйл баримт болно.
Усны онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглосон байх бөгөөд гол усны эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтоох ба усны ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны аюул, иргэдийн амь нас, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, хамгаалах зорилгоор онцгой хамгаалалтын бүс тогтоодог байна.
Цаг хугацааны хувьд Засгийн газрын хэрэгжүүлэх “40000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гуравдагч этгээдэд өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга барихад зориулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжаар Х дүүргийн нутаг дэвсгэрт 11.8 га газрыг ашиглуулах, 2018 оны А**** дүгээр захирамжаар 118,000 м2 газрыг 3 нэгж талбарт хувааж, I) 29444 м2 газрыг үйлчилгээ, II) 79875 м2 газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, III) 2642 м2 газрыг үйлчилгээ зориулалтаар тус тус эзэмшүүлэх шийдвэр гарах үед Газрын тухай хуульд “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох” зохицуулалт байгаагүй байжээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг буюу “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж, хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, уг заалтын тайлбар хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэж заасан, энэ тохиолдолд нийтийн эрх ашиг (гэрээ байгуулсан хэсэг, бүлэг иргэд) болон “Э” ХХК-ийн хувьд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүсгэж байх тул тэдний “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Учир нь, гуравдагч этгээд нь төрийн буюу захиргааны байгууллагаас олгосон хүчин төгөлдөр зөвшөөрөл (маргаж буй актууд)-ийн үндсэн дээр “********” хотхоны эхний ээлжийн орон сууцны цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн, уг барилгуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн болох нь бодитой, цаашид ч хөрөнгө оруулалт төлөвлөсөн, мөн уг орон сууцанд захилга өгсөн иргэдийн буюу нийтийн эрх ашиг (төрийн үйл ажиллагаанд итгэсэн-тусгай зөвшөөрөл) хөндөгдсөн, үр дагавар үүсгэж байгаа зэрэг нөхцөл байдлуудын улмаас “хууль ёсны итгэл хамгаалагдах” нөхцөл бий болсон гэж үзэхээр байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд (7844 м2 газар) давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж,
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ** дугаар тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Дээрх тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын буюу Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд
- нэгж талбарын 1780610*** дугаар 29,016 м2 газраас 10028 м2 талбайгаар (худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль, ХТХ2022/00-*** дүгээр архитектур төлөвлөлийн даалгавар)
- нэгж талбарын 1780610*** дугаар 47,050 м2 газраас 14150 м2 талбайгаар (худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц, ХТХ2022/00-188 дугаар архитектур төлөвлөлийн даалгавар) тус тус давхацсан үйл баримтууд тогтоогдсон.
Одоогоор эдгээр нэгж талбар бүхий дээрх 2 газар дээр гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх төслийн дагуу барилгажилтын ажил эхлээгүй, ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, харин холбогдох бусад зөвшөөрөл, баримт бичгүүдийг төрийн захиргааны байгууллагаас олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдаж,
Улаанбаатар хот орчмын гол ус үерлэх, хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл, хур бороо ихтэй үед үүсэх байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь сүүлийн жилүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох арга хэмжээг авч өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/**** дугаар захирамжийг гаргасан.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цаашид гуравдагч этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учрах (илүү их) үр дагавар үүсгэхгүйн тулд мөн нийтийн эрх ашиг буюу Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль орчныг хамгаалах зайлшгүй шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн,
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-***, ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;
Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилга байгууламжийг барихаас өмнөх шатанд бүрдүүлбэл зохих баримт бичгийн бүрдлийн нэг бөгөөд тухайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахын тулд захиалагчийн хэрэгцээ, шаардлага, зориулалтад нийцүүлэн барилгын хийцлэл, төлөвлөлт гэх зэргийг тодорхойлсон анхны баримт бичиг бөгөөд нэгэнт олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхаас гадна хууль зүйн хувьд боломжгүй.
Харин ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий нэгж талбарын 1780610*** дугаар газар дээр одоогоор барилгын ажил хийгдээгүй байгаа энэ тохиолдолд 29,016 м2 газраас усны онцгой хамгаалалтын бүсэд давхцаагүй үлдэх хэсэгт хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин олгох зүйтэй гэж үзэж,
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;
Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам нь “Э” ХХК-д 29094 м2 газарт баригдах үйлчилгээтэй орон сууцны А, В, Г блок барилгад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон ба уг Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байна.
Үүнээс үзвэл Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх ба уг захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлгүй болсон, мөн эрх зүйн зохицуулалт нь биелэгдсэн, хэрэгжсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй.
Учир нь эрх зүйн үйлчлэлтэй захиргааны актыг л хүчингүй болгохоос бус эрх зүйн үр дагаваргүй буюу үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох ойлголт байхгүй, хууль зүйн хувьд боломжгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,
“Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610***, 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгож,
нэхэмжлэлийн үлдэх шаардлага Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10**/20** дугаар Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0**/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
2 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гаргасан “хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор дахин шинэ акт гаргах хүртэл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 (зургаа) сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж,
3 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус нэмж,
Тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “4” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Э, Удирдах зөвлөлийн дарга Ш.А нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД:
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/** дугаар захирамж нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд уг хуулийн дээрх зүйл заалтыг зөрчин усны онцгой хамгаалалтын бүсэд ямар нэг газар эзэмших эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох зэрэг хууль зөрчсөн шийдвэрийг цаашид гаргахгүй байхыг үүрэг болгох, нийтийн онцгой ашиг сонирхол байгааг дурдаж,
уг захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын 1780610*** дугаар газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхисныг хангасан өөрчлөлт оруулж,
магадлалын бусад шийдэл нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, гуравдагч этгээд “Э” ХХК нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Шийдвэр: https://shuukh.mn/single_case/20193?daterange=2026-01-01%20-%202026-11-09&id=1&court_cat=3&bb=1
Магадлал: https://shuukh.mn/single_case/9836?daterange=2026-01-01%20-%202026-11-11&id=2&court_cat=3&bb=1
АДМИН







Нийгэм




