Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн танхимд ХҮ ХАМТЛАГ сэдэвт шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2023 оны тавдугаар сарын 31-ний 16:00 цагт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэхүү 1 блок марк нь ертөнцийн дөрвөн их хүч Аянга, Салхи, Гал, Усаар хөглөгдөж, уулсын хаан туульсын орон Монгол Алтайн сүр жавхлант Жаргалант хайрханы өвөрт босоод, тэнгэр газрын ивээлээр, наран сарны тохиолоор хараа ихт, дөрвөн хөхөлт догшин Хар тугаа мандуулж, өвөг дээдсийнхээ захиас уламжлалыг онгон дагшин байгалийн бэлгэдэл Товшуур, орчлон хорвоогийн цаглашгүй хүч Аянга хуур, омогт сахиусан тэнгэрээ хурайлан дуудах Гал хуураар язгуур урлагийн их өв, Монгол соёлоор дайлна гэсэн агуулга бүхий зохиомжтой аж.
Маркийг бүтээхэд ХҮ ХАМТЛАГ-ийн хамт олон зөвлөгөө өгч, зураач, дизайнераар Б.Хишигсүрэн ажиллажээ.
МУГЖ, Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан" одонт, продюсер Б.Дашдондогийн есөн жилийн судалгаа, эрэл хайгуулын үр шимээр үүсгэн байгуулагдсан ХҮ ХАМТЛАГ нь дэлхийн олон улс оронд 270 гаруй удаа тоглолтоо хийж, 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон, 2022 онд ЮНЕСКО-ийн Artists for Реасе өргөмжлөлийг гардаж, дэлхийн энх тайвны төлөө, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хамтран ажиллаж байна. Тус хамтлагийн уран бүтээлүүд BILLBOARD-ын шилдэг 10 дууны жагсаалтад орсоор ирсэн бөгөөд “Чонон сүлд" дуу нь 2021 оны Canadian Golden Songs, 2022 оны American Golden Songs шагналыг хүртсэн билээ.



АДМИН








Нийгэм







