Захиргааны хэргийн давж заалдах шатны өчигдөр болсон шүүх хуралдаанаар арилжааны банкнуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ШӨХТГ-ын дарга Н.Мандуул, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш, өмгөөлөгч О.Батсүх, С.Ялалт нар оролцож мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкнуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкнууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкнуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкнууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкнууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкнууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна” гэлээ.
Өмгөөлөгч О.Батхүү “Энэ асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Эхний ээлжид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн. Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй. Иймээс ШӨХТГ-т “Банкнууд нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч иргэдийг хохироогоод байна” гэх гомдол, хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий есөн банканд шалгалт оруулж 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоосон. Шүүхэд хандахад үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл хийсэн. Үүний үр дүнд захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарлаа. Банкнууд давж заалдсан ч Дээд шүүх хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал өмнө нь Дээд шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд эцэслэгдсэн маргаан. Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоочихсон” гэсэн бол өмгөөлөгч С.Ялалт “ШӨХТГ-аас банкнуудад тавьсан албан шаардлагын дагуу давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкнууд авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр шимтгэлийн асуудал хоёр удаа шийдэгдсэн. Иргэд сайн дураараа нэхэмжлэл гаргаад хоёр удаа шимтгэлээ авчихсан баримт байгаа. Энэ хоёр хэрэг дээр миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй” гэсэн тайлбар хийлээ.
АДМИН








Нийгэм






