Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК-ийн удирдлагууд хийгээд усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид саналаа хэлсэн юм.
“Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг:
Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг 100 жилд нэг удаа тохиох үерийн эрсдэлийг тооцоолон боловсруулсан. Долоодугаар сарын 5-наас эхэлсэн үер найман жилд нэг тохиох хэмжээний үер байсан. Төлөвлөлтийг гурван багц бүхий 11 хэсэгтэйгээр 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хийхээр боловсруулсан. Одоогоор мастер төлөвлөгөөний хүрээнд ТЭЗҮ-г боловсруулж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлч гэхэд ажлын зургаа гаргачихсан байхаар төлөвлөж байна. Бид АНУ-ын армийн инженерийн корпусын гаргасан, дэлхийн аль ч улсад хэрэглэдэг загварчлалыг ашигласан. Төлөвлөгөөг боловсруулахад уг загварчлалыг ашиглаж чадах хэмжээний, үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан гэв. Мөн тэрбээр үерийн эрсдэлтэй бөгөөд чөлөөлөх шаардлагатай байршлуудын судалгааг танилцуулсан юм.
АДМИН







Нийгэм



