Dark Light
Нийгэм | 2023-07-25

Зэвсэгт хүчний отгон анги байлдааны тугаа гардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлгэр зуны өлзий дэмбэрэлтэй энэ сайхан өдөр Зэвсэгт хүчний отгон анги байлдааны аранзал улаан тугаа гардлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Архангай аймгийн удирдлагууд оролцлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ "Энэ жил улсын ууган 4 аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Архангай аймгийнхаа түүхт 100 жилийн босгон дээр Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон Байлдааны тугийг гардсанд миний бие ихэд бэлэгшээж байна. 

  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор Архангай, Говь-Алтай аймгуудад барилга-инженерийн ангиуд байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарч улмаар 2021 оноос Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, анги байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэн, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин нэгэн ангиар бүл нэмж байна.

Батлан хамгаалахын сайдын 2018 оны “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тухай” тушаалаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хүнд даацын тусгай зориулалтын авто зам барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Зэвсэгт хүчний замын ….. дугаар түр ангийг байгуулсан. 2021 онд тус түр ангийн эрхийг Зэвсэгт хүчний 342 дугаар ангид шилжүүлснээр одоогийн анги байгуулагдсан гэдгийг Онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Зэвсэгт хүчний 342 дугаар анги нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 204 км төмөр зам, Богдхан төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгэж, Улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Өнөөдөр тус ангийн гадна хашаа, шалган нэвтрүүлэх хоёр байр, цахилгаан шугам сүлжээ бүрэн ашиглалтад орж, 2023 онд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цэргийн байр, гал тогоо, уурын зуух, дулааны шугам сүлжээ, жагсаалын талбайг ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил ид өрнөж байна.

Байлдааны тугаа хүлээн авч байгаа Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэн Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг эрхэмлэн дээдлэж, ард түмэндээ өргөсөн тангарагаа чанд сахиж, эх орныхоо тусгаар тогтнол, улсыг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд бие сэтгэл, оюун ухаан, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллана гэдэгт Батлан хамгаалахын сайдын хувьд итгэлтэй байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19