Нийслэлд орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой байдал үүсээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл, дүүргийн онцгой байдлын албатай хамтран техник хэрэгсэл, хүн хүчээр хамтран Явуулын эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэллээ.
Явуулын эмнэлгийн үйлчилгээ нь гамшиг осолд нэрвэгдсэн ард иргэд, гамшгийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 24 цагаар үйлчилгээ үзүүлэхээр гэмтлийн эмч, сувилагчид ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд рентген, эхо оношилгоог үзүүлнэ.
Түүнчлэн тусгай дуут дохиот машинаар иргэдэд зарлан мэдээ, анхааруулга, зөвлөмжийг давтамжтайгаар хүргэж байна.
Та бүхэн ХАЛУУРАХ, ТОЛГОЙ ӨВДӨХ, ХООЛОНД ДУРГҮЙ БОЛОХ, БӨӨЛЖИХ, СУУЛГАХ, БУЛЧИН ТАТАХ, ИЛ ШАРХ ШАЛБАРХАЙ ҮРЭВСЭХ гэх мэт шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.
ҮЕР УС, БАЙГАЛИЙН ГЭНЭТИЙН ГАМШИГ ОСОЛТОЙ ХОЛБООТОЙ ИРГЭДДЭЭ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.
1. Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх.
2. Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх.
3. Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх.
4. Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх.
5. Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах.
6. Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх.
7. Ил задгай булаг шандын ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байх.

АДМИН







Нийгэм




