Хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн явагдаж байгаа “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтаар энэ сарын 6-ны өдөр хуваарийн дагуу дайчдыг 30 км марш үйлдүүлж, хоногийн сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Хоногийн сургуулиар жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэх арга ажиллагаанд сургах, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн үр дүнг тооцох зорилгоор тусгайлан төхөөрөмжлөн бэлтгэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлж, салаа, рот бүрээр гүйцэтгэлтийг нь үнэллээ.
Мөн ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлах төвийн дарга, доктор, хошууч Б.Батбаяр “Дайтах урлаг ба эх орон” сэдвээр сонирхолтой яриа таниулга хийж, харилцан ярилцав. Тэрээр “Оюутан цэрэг” сургалтыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зарим бүрэлдэхүүнийг Монголын Залуучуудын холбооноос шагнасныг энэ үеэр гардуулан өгсөн юм. Сургалтын төвийн гуравдугаар ротын захирагч, ахлах дэслэгч Ш.Баасандоржийг “Цэргийн алдар”, ажилтан албан хаагч Б.Алтантуулыг “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнагдсаныг нөхдийнх нь өмнө баяртайгаар гардуулав.
Түүнчлэн тус төвийнхөн оюутан цэргүүдийн хамтач, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх хүрээнд “Яг түүн шиг” тэмцээнийг зохион байгуулсан нь оролцогч болон үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
АДМИН







Нийгэм




