Dark Light
Нийгэм | 2023-08-08

Байлдагч Т.Балдандорж: Аав минь шударга занд мэдрэмж чухал шүү гэж захидаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

100 жилийн түүхт Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Төрбатын Балдандоржийг урьж ярилцлаа. Тэрээр “Цэргийн албанд ирээд юу сурав, юу нь таалагдаж байна” гэсэн “улиг” болсон асуултаас татгалзаж, амьдралын мөн чанарын тухай, аав ээжийн ачлалын тухай, залуусын хүсэл мөрөөдлийн тухай ярилцмаар буйгаа илэрхийлсэн нь эрхгүй сонирхол татав. Учир нь хугацаат цэргийн алба хаасан хэнбугайд ч амьдралынх нь хамгийн бахархалт цаг хугацаа байдаг учраас “ойлгомжтой” хариулттай асуулт гэж тэр нэмж хэлэв. 

Байлдагч Төрбатын Балдандорж нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, ХААИС-д мал зүйч мэргэжлээр суралцаж байсан, цэргийн зарлан авмагцаа нэг жилийн чөлөө аваад иржээ. 

Өнөөдөр “Аавуудын өдөр” юм байна. Таны аавын тухай яриагаар эхлүүлье?

Миний аав П.Төрбат, ээж С.Отгонсугар нар Гурвансайхан сумынхаа “Их газрын чулуу”-гийн орчимд малаа даган аж төрөн амьдарч байна. Дөрвөн хүүтэй, би голынх нь. Том ах Т.Дэлгэржаргал хотод мужаан хийдэг, уран гартай залуу. Дунд ах Т.Лхагвасүрэн аав, ээжийн гар хөл нь болж, хөдөө мал маллаж байна. Зэвсэгт хүчний 232 дугаар ангид 2018 онд хугацаат цэргийн албаа хаасан. Бага дүү Т.Төмөртогоо ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Ийм л жирийн нэгэн малчин айл. 2012 оны аймгийн аварга малчин бүр. Та асууж байна, миний аавын талаар. Үнэхээр нь уул шиг нөмөртэй эр хүн. Бага залуугаасаа сургууль соёлын мөр хөөгөөгүй ч номд дуртай, уламжлал ёс заншлаа дээдэлж, асуудалд уужуу ухаанаар хүлээцтэй ханддаг нь миний даган дуурайх шалтгаан нь. Аавынхаа энтэй явж чадахгүй ч эр хүн шиг зангаргыг нь жаахан ч өөртөө шингээх сэн гэж хичээдэг дээ. Аав хэлдэг л дээ. “Зарим асуудалд голчтой хандаж бай. Би шударга байна гэж хатуурхаж, бусдын сэтгэл, өөртөө итгэх итгэлийг нь битгий бөхөөгөөрэй. Мэдрэмжтэй байх нь заримдаа шударга байхаас илүү чухал” гэж хэлдгийг байнга бодож явдаг. Цэргийн албанд ирээд ойртож нөхөрлөсөн он жавуудыгаа зарим ажлыг гүйцэтгэж чадахгүй байсан ч “Чадаж байна, мундаг” хэмээн урамшуулж, хөгжихөд нь дэм өгч яваадаа баяртай байдаг. 

Цэргийн албаны нөхөрлөл насан туршийнх гэдэг ...

Үнэн, алдар түүхт нэгтгэлийнхээ бүх дайчидтай анд нөхөр боллоо. Халагдаад хаана ч таарсан ах дүүсээс ялгаагүй болтлоо нөхөрлөж дотноссон байна. Тэр дундаа Дундговь нутгийнхаа болон салааныхаа Б.Элдэв-Очир, А.Алтанхуяг, Э.Баяржавхлан, О.Насанжаргал нарын байлдагчийг нэрлэмээр байна. Нэгэндээ дэм түшигтэй, амьдралын зөв үзэлтэй сайн эрчүүд. 

Урлаг, спортын авьяастай цэрэг гэж сонссон?

Самбо, жүдо бөхөөр хичээллэдэг, спортын нэгдүгээр зэрэгтэй. Аймгийн болоод бүсийн аварга болж байсан. Дуу хуурын өлгий нутгийнх гэдэг утгаараа найранд ямар ч байсан дуулчихна аа. 

Таны цаашдын зорилго?

Халагдаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцана. Суралцаж төгсөөд сумандаа очиж ажиллаж амьдарна. Нутгаасаа эхнэр авна, аав ээжтэйгээ ойр явна аа гэж бодож байна. 

Хугацаат цэргийн алба хааж байх энэ цаг үед 100 жил тохионо гэдэг бас хувь тохиол шүү ...

Тэгэлгүй яах вэ. Хүн гэдэг хоёр зуун жил амьдрах ч биш, хоёр нарыг ч үзэх биш. Хүсэл мөрөөдлөөрөө ирсэн энэ сайхан албыг хаахдаа 100 жилийнх нь ойг үзэж, түүхийг нь бичилцсэндээ маш их баяртай байгаа. Аавын хүү бүрд тохиохгүй аз гэж бэлгэшээж байна. Энэ завшааныг тохиолдуулан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлтэй ажил, амьдралаа холбосон генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, үе үеийн түрүүч байлдагч нартаа удахгүй болох түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19