Dark Light
Нийгэм | 2023-08-11

Н.Шинэ-Оргил: Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

"Газрын зөвшөөрөлтэй 228 айл, зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн. Энэ 46 айлын асуудлыг яаралтай шийдэхээр амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Богдын давааны орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Түүнчлэн НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан байдаг. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох бүрэн боломжтой" гэв.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:

"Үерт автсан өрхүүдийн дотор зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд байна. Гэхдээ бид нийт иргэдийнхээ үерийн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэд хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмших, ашиглах эрхээ эдэлж, цаашид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

"Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан. Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19