Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг-2023" сургалт Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж, дайчид Цэргийн тангаргаа өргөлөө.
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн түшиглэн явагдсан энэхүү сургалтад хамрагдсан оюутан цэргүүд ЗХЖШ-ын даргын баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу цэргийн 11 бага мэргэжлээр суралцахын сацуу бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олгох сургалт бэлтгэлүүдэд хамрагдсан юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Пүрэвсүрэн нарын албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл уригдан оролцож, түрүүч, байлдагч нарын баярт мөчийг хамтдаа хуваалцлаа.
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ тус ангийнхан өндөр ачаалалтайгаар, шинэлэг арга хэлбэрээр, хүн нэг бүрийн чадварт чиглэсэн сургалтыг явуулсныг дурдаж, залуусын сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд олон талын хичээл зохион байгуулсныг онцолж байсан юм. Харин тангараг өргөсөн түрүүч, байлдагч нар амьдралынх нь бахархам цаг хугацаа, их зүйл сурч мэдсэн хоног өдрүүд, эр хүний үүрэг хариуцлагаа ухамсарласан ухаарлын цаг үе байсныг тайзнаа илтгэж, жагсаалын дуугаа хэзээ ч мартахгүй хэмээн ярилаа.
АДМИН







Нийгэм




