Dark Light
Нийгэм | 2023-08-22

ЭМГЭНЭЛ: Бирваагийн Мөнхдорж (1949-2023)

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМГЭНЭЛ

Бирваагийн Мөнхдорж (1949-2023)

Монголын театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Соёл, урлагийн их сургуулийн багш Бирваагийн Мөнхдорж нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын театрын урлаг, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Б.Мөнхдорж нь 1949 онд Улаанбаатар хотноо Монгол улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн ууган хүү болон мэндэлсэн юм. Тэрээр бага балчир насаа аав, ээжийнхээ ажлын талбар болох Улсын хүүхэлдэйн театр, Улсын циркт урлагийн гайхамшгийг мэдэрч өссөн нь хожим түүний Монголын соёл, урлагийн сод их хүмүүн болох эхлэл нь байжээ.

Б.Мөнхдорж нь 1956-1966 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд “Монгол кино” үйлдвэрт орчуулгын киноны жүжигчин, Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчин, 1969-1975 онд А.В.Луначарскийн нэрэмжит Москва хотын Театрын урлагийн дээд сургуульд Оросын нэрт найруулагч А.А.Гончаровын удирдлага дор суралцаж театрын найруулагчаар төгсөн, 1975 онд Улсын драмын академик театрт найруулагч, 1976 онд Соёлын яаманд мэргэжилтэн, 1977-2009 онуудад Улсын драмын эрдмийн театрт найруулагч, ерөнхий найруулагчаар ажилласан.

Найруулагч уран бүтээлээ туурвихын зэрэгцээ УБДС-д 1976-1987 онд, КУДС-д 1994- 2002 онд, СУИС-д 2002 оноос найруулах, жүжиглэх урлагийн багшаар ажиллаж, Монголын театрын төдийгүй, соёл, урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хүч хөдөлмөрөө зориулж мэргэжил нэгт нөхөд, түмэн олон шавь нартаа хүндлэгдэн "Мөнхөө багш" хэмээн мөнхрөн алдаршсан билээ.

Найруулагч Б.Мөнхдорж нь театрын урлагт 50 шахам жил ажиллахдаа эмгэнэлт, инээдэмт, уянгын, гүн ухааны, болон дуулалт, хүүхдийн зэрэг олон төрөл жанрын уран бүтээлүүдийг найруулан тавьж, Монголын театрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Тэрбээр УДЭТ-т А.Папаяны “Цаг өөр болжээ” Ч.Чимидийн “Маш нууц” жүжгүүдээр найруулагчийн уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш В.С.Вишневскийн “Үхэвч үнэн ялна”, Ч.Чимид “Буурай аав”, У.Шекспир “Отелло”, Карло Гольдони “Буудлын авхай”, А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Д.Данзанравжаа “Саран хөхөө”, А.Вампилов “Хөдөөгийн хөгтэй явдлууд”, Б.Брехт “Галилейн амьдрал”, Д.Намдаг “Ээдрээ”, Г.Боровик “Буэнис Айресаас хийсэн сурвалжилга”, С.Жаргалсайхан “Хаан түүх”, Д.Батбаяр “Мартагдсан аялгуу” Д.Төрбат “Харц хатан” А.Толстой “Алтантүлхүүр”, С.Маршак “Муурын байшин” зэрэг 100 гаруй дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийг УДЭТ болон орон нутгийн театр, чуулгуудад найруулан тавьсан билээ.

Найруулагч Б.Мөнхдорж нь театр судлалын салбарт судалгаа, шинжилгээний бүтээлүүд туурвиж байсны дотор “Равжаа судлал”-ын чиглэлээр “Нүүдэлчдийн театр ба ноён хутагт Равжаа найруулагч болох нь” сэдэвт томоохон судалгааг хийж, “Саран хөхөө” жүжгийг найруулан тавих судалгааны нэн чухал эх сурвалжийг буй болгож, Монгол улсад театрын урлагийн судлалд онцгой хувь нэмрээ оруулсан. 

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин цолоор тус тус шагнасан.

Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт найруулагч Бирваагийн Мөнхдоржийн урлагийн төлөө зориулсан амьдрал, цаг хугацааг бишрэн хүндэтгэж, арвин их туршлага, авьяас билэг, Монголын их урлагийн төлөө зориулсан нөр их хөдөлмөр зүтгэл, туурвисан бүтээл бүхэн бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19