БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ой ирэх 9 дүгээр сард тохиож байна. Батлан хамгаалахын яамны сайдын 1973 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тулганы чулуугаа тулж, гал голомтоо бадрааснаас хойш хагас зуун жил өнгөрсөн тус ангийнхан түүхт ойгоо угтаж 50 бүтээлч ажил өрнүүлсэн байна.
Ялангуяа бие бүрэлдэхүүнийхээ дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, зэвсэглэл, техникийн хангалт, засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчныг дээшлүүлэх, хугацаат албаны дайчдын сурч боловсрох, хөгжих боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр өрнүүлсэн бүтээн байгуулалтууд нь нүдэнд харагдах бодит ажлууд болжээ. Үүний тулд орон нутгийнхантай ч нягт хамтран ажиллажээ.
2020 оноос эхлүүлсэн ой угтсан бүтээлч ажлуудаас нь дурдвал орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар штабын байр, цэргийн байр, эмнэлэг, соёлын төв, спорт заал, ахуй үйлчилгээний төвийн байрандаа бүрэн хэмжээний засвар шинэчлэл оруулжээ. Засварлаж шинэчлээд зогсохгүй шинээр барьж, бүтээн байгуулсан нь бий.
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчидтай хамтран цэргийн гал тогооны барилгыг шинээр гүйцэтгэж, будаг нь ханхалсан шинэхэн байрыг саяхнаас ашиглалтад оруулаад байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуддаа жишигт тооцогдох “Нийтийн бие засах газар”-ыг мөн л орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, шалган нэвтрүүлэх байраа өргөтгөж, дулаан дамжуулах төвийг шинээр байгуулж, ангийг төвийн дулаантай бүрэн холбожээ.
Ойгоо угтсан хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор ангийнхаа зам талбайг тохижуулж, гэрэлтүүлгийг шинээр нэмж, офицер ахлагч нарынхаа амьдрах орчин нөхцөлийг ая тухтай болгох зорилгоор албаны 11 айлын дээврийг бүрэн шинэчилж, номын сангаа стандартынх нь дагуу засварлаж, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн дурсгалын хөшөөний өнгө үзэмжийг нэмэгдүүлж сэргээн сайжруулжээ.
Ангийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор спорт заалаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэчилснээс гадна өөрсдийнхөө нөөцөөр “Бие тамирын хотхон”, Ерөнхий цэргийн саадын зурвасыг зааврын дагуу тохижуулж, харуулын болон бүгдийнх нь жижүүрийн байрыг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-т заагдсанчлан засварлаж, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлсэн нь тэдний бүтээлч ажлын нэг хэсэг нь аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад өрнөж байгаа “Ногоон хөгжил-Эко хотхон” төслийн хүрээнд ангийн байрлалыг бүрэн хэмжээгээр зүлэгжүүлж, мод тарьж, цэцгийн мандлаар хучиж, ангийнхаа гаднах хашааг ч шинэчлэн сайжруулжээ.
Хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд ч хамт олны хүчээр хэд хэдэн бүтээлч ажил өрнүүлсэн нь “Ёл хотхон”, “Дайчид хотхон”, сүүдрэвчүүд бөгөөд түүх дурсгал, орон нутгийн байгалийн сайхныг дүрслэн харуулан тохижуулснаараа онцлог байна.
АДМИН







Нийгэм




