Dark Light
Нийгэм | 2023-09-20

"Шилдэг бүтээлийн шалгаруулалт салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл” шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү уралдааны талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулгатай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн шалгаруулалтын талаар мэдээлэл өгнө үү?

Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт-боловсруулалтын ажилд бодитой дэмжлэг үзүүлэх, салбарын шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэл, грант олгох төсөл”-ийн шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн шалгаруулалтад салбарын эрдэмтэн, судлаачид, судлаачдын баг, гадаад, дотоодын хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан, сонсогчид бүтээл, илтгэл, төслөө ирүүлсээр байна.

Шалгаруулалтад бүтээл, илтгэл, төслийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Энэ удаагийн шалгаруулалтад оролцогчдын идэвх, оролцоо, ирүүлсэн бүтээлийн чансаа, өмнөх жилүүдийнхээс онцлог нь ямар байгаа вэ?

Шалгаруулалтад бүтээл хүлээн авах хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас ирүүлсэн бүтээлийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулах боломжгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар шилдэг илтгэл, грант олгох төсөл төрөлд ирүүлсэн илтгэл, төслийн тоо өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эндээс үзэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн шалгаруулалтын цар хүрээ нэмэгдэж, салбарын эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутны зорилго тавьж бэлтгэн оролцдог, мэдлэг, оюуныг сорьдог томоохон шалгаруулалт болжээ гэж дүгнэж болохоор байна.

Салбарын хөгжилд хувь нэмэр болохуйц, судалгаанд үр дүнд үндэслэсэн, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудалд шийдэл дэвшүүлсэн цөөнгүй бүтээл шалгаруулалтад ирсэнд олзуурхаж байна.

Шалгаруулалтын төрөл, урамшууллын талаар дэлгэрүүлэн тайлбарлана уу?

Шалгаруулалтыг гурван төрлөөр явуулж, өмнөх шалгаруулалтаас  хойш нэг жилийн хугацаанд туурвисан шилдэг бүтээл, оюутны шилдэг илтгэлд шагнал, шинжлэх ухаан, технологийн төсөлд грант олгодог.

Шилдэг бүтээлийн төрөлд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тухайн жилд туурвиж, хэвлүүлсэн нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, гадаадын өндөр хянан магадлагаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл хамаарна.

Оюутны шилдэг илтгэл төрөлд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг тодорхойлж, дүгнэлт, санал боловсруулсан оюутан, сонсогчийн тухайн жилд бичсэн илтгэл хамаарна. Харин шилдэг төсөл төрөлд салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн, төслийн хэрэгцээ, үр дүн, ач холбогдол, гүйцэтгэх арга зам, шаардагдах зардлын талаар тодорхой тусгасан баримт бичиг хамаарна.

Шагнал, грантын хувьд харьцангуй өндөр. Тухайлбал, эхний гурван байр эзэлсэн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд 5-15 сая төгрөг, оюутны шилдэг илтгэлд 2-5 сая төгрөгийн шагнал, шилдэг төсөлд 10 сая төгрөгийн грант олгогддог.  Мөн шалгаруулалтын төрөл бүрээр тусгай байр шалгаруулна.

Шалгаруулалтад хэн оролцож болох вэ, зохион байгуулалт хэрхэн явагдах вэ?

Шилдэг бүтээл болон төслийн шалгаруулалтад хууль зүйн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын профессор багш, судлаач, түүнчлэн, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын алба хаагчид, судлаачдын баг, мэргэжлийн холбоод оролцох боломжтой. Оюутны шилдэг илтгэлийн шалгаруулалтад гадаадын болон дотоодын хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан, сонсогчид оролцоно.

Шалгаруулалтыг Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн шалгаруулалтад оролцох эрдэм шинжилгээний бүтээлийг Дотоод хэргийн их сургуульд, оюутны илтгэл, төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тал бүрийн төлөөллийг оролцуулах, нэр хүндтэй эрдэмтдээр шүүгчдийн багийг бүрдүүлэх зарчим баримталж ажиллана.

Шалгаруулалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулж, шалгарсан бүтээлд шагнал, грантыг Шинжлэх ухааны ажилтны өдрөөр гардуулдаг уламжлалтай.

Өмнөх шалгаруулалтын шилдгээр шалгарсан төслийн үр дүн ямар байна вэ?

Өмнөх шалгаруулалтад шилдгээр шалгарсан төсөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит грант олгосон. Эрдэмтэн, судлаачид олгосон грантаараа төслөө санхүүжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, анхдугаар шалгаруулалтад шилдгээр шалгарсан доктор, дэд профессор Ж.Мөнхболд, судлаач Ш.Алтансоёмбо, Б.Бямбадорж удирдагчтай “Гэмт хэрэгтний бие хүний тухай онолын суурь судалгааны төсөл” амжилттай хэрэгжиж, судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулж, судалгааны тайланг нийтийн хүртээл болгосон. Мөн инновацийн төсөл төрөлд шалгарсан Ж.Баттулга удирдагчтай “Криминалистикийн шинжээчийн үзлэг, шинжилгээний FEB-2 загварын ширээ зохион бүтээх төсөл” амжилттай хэрэгжиж, төслийн хүрээнд үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг шүүх шинжилгээний байгууллагад ашиглаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн шалгаруулалт энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, салбарын эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт-боловсруулалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлж байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Шалгаруулалтад бүтээл, илтгэл, төслөө ирүүлэхийг салбарын эрдэмтэн, судлаач, оюутан, сонсогчдод уриалж байна. Шалгаруулалтын удирдамжийг зохион байгуулагчдын цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19