Dark Light
Нийгэм | 2023-10-15

Газын зурвасаас газ шиг үнэр хүртэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газын зурвасыг дайны утаа нөмөрч, газын үнэр шиг өмхий Улаанбаатарыг нөмөрлөө. Газын зурваст юу болж байгааг газрын холоос мэдэж болж байна. Газ шиг үнэр Улаанбаатарын хаанаас гарсныг олж мэдэх гэж шөнө өдөр дамнан хайж байж чадан ядан эцсийн байдлаар бус урьдчилсан байдлаар тогтоолоо. “Эко стандарт петролиум” гэдэг компани эко биш, стандарт бол бүр биш үйлдэл гаргаж, машины ашигласан тос маслоо бохирын цооногт юүлснээс болсон байна. Ч.Оюун гэдэг өмчлөгчтэй, 2019 онд байгуулагдсан “Эко стандарт петролиум” компанийн ажилчид 10-р сарын 12-ны оройн 20 цаг орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах бохир цооног руу тусгай машинд ачсан 10 тонн ашигласан техникийн тос, масло цутгажээ. 

Өрөөнд хэн унгасан бэ? Пингүү тавьсан эзэн хэн бэ? Өмхий ханхлаад байдаг үнэр танар нь утгаа алдаад байсан ч унгасан эзэн нь олдохгүй хамраа даран мунгинацгаан хооронд элдэв хардлага сэжиг цуврав. Монгол угаасаа гэртээ ямар нэг юм үргэлж эрж мунгинаж байдаг ч олж чадахгүй бухимддаг улс гэдгээ энэ удаа ч батлан харуулав.

Химийн хортой бодис хүний бохиртой холилдож Молотовын коктейлиос аюултай Монгол коктейль болсон байна. Угаасаа 20 жил химийн цэргийн тусгай ажиллагааны талбар болсон, Улаанбаатар гэдэг оноосон нэр нь хүртэл зэвсэгт тулааныг сануулах, засаг даргаар ажиллах хүнээ дайны фронт руу явууллаа гэж хэлдэг, манай хотын баатарлаг иргэд тэсч давсан мэт боловч Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургууль, Дүнжингарав төв үүд хаалгаа барьж, өчнөөн хүн цалин мөнгө, цаг хугацаа, явдал суудлаараа хохирлоо. Бохирын хоолойд шахсан хор нь хөрсөнд нэвчиж, улмаар гол усанд шингэх онц аюул заналхийлж байна. 

Эрүүгийн хуулийн 20.11-д зааснаар багадаа 2, их хэмжээний хохирол учруулсан бол 8 жил хүртэл шоронд суулгах ялтай, аюултай хог хаягдал, химийн хорт бодис хаях гэмт хэрэг юм.  

Улаанбаатар хот бол угаасаа утаа, унгас, ундуй сундуй төрх, ухсан нүх окоп, унжсан тогийн утас, уур бухимдал, хог шороо, зодоон цохион, харанхуй гудамж, хулгай дээрэм, хүчин аллага баатар хот. Нэр нь хүртэл баатар, дарга нар нь хүртэл улсын баатар, улсын аварга бөх, холимог тулаанч, хуульч байхгүй бол болдоггүй хот. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19