Dark Light
Нийгэм | 2023-10-15

Уусан архиндаа биш уугаагүй архиндаа согтоод байна уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ажлаа тасалж архи уудаг нөхөр өөрийг нь халж чөлөөлөх эсэх хурал дээр “Би ахиад уух нь уу, үгүй юу? Бүгдээрээ намайг юу ч гэсэн ахиад нэг ганц сар харцгаая. Энэ нөхөр нь ер нь яах нь уу, тийм ээ” гэж өөртөө ч итгэхгүй, өөрийгөө ажиглая гэж хэлсэн удаатай.

Яг түүн шиг төмөр хүлэг унасан согтуу толгойнууд уусан архи биш уух  архиндаа түрүүлж халаад,  тасарч ойчоод, авсан ял шийтгэлдээ биш авах ял шийтгэлдээ уурлаж гомдоод, бүр зарим аль хэдийнээ хордож шартаж, шараа тайлж амжаад байна. Сахартай хүнийг үлээлгэхэд согтуу гэж гардаг юм байна шүү гэх мэтээр батлагдаж амжаагүй хуулиар хэлмэгдээд амжчихсан хүн ч нэлээн хэд төрсөн ба нөхөн олговрын бичиг баримтаа хөөцөлдөөд эхэлчихсэн цохиж явна. Цагдаа нар авлига авна гэж хэлэхдээ өгсөн авсандаа өлзийтэй шахуу юм түрүүлээд үйлдчихсэн согтуу жолооч нар шогтож байна. Балга юм амсаагүй цоо эрүүл хүн шууд хэлмэгдчих гээд хэцүү байна гэж үү? Овоо босгоогүй бол цоо эрүүл, гар утас, сошиал, бичлэгээр зэвсэглэсэн хүн 1937 оных шиг өчиггүй хилсдэх магадлал маш бага. 

Согтуугаар машин жолоодсон бол 76 хувь нь, 10-ын 7,8 нь угаасаа төлдөггүй торгуулийн толгой илсэн зөөлөн хөвсгөр зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг мөн гэж тооцох хууль ногоон гэрлээр мөдхөн батлагдах нь тодорхой байна. Дөрвөн янзын ял шийтгэлтэй. Хамгийн зөөлөн нь жолооны эрхийг нь 1-3  жилээр хасах, 450 мянгаас 2,7 сая төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цагаар гудамж талбай цэвэрлэх, эсвэл 6 сараас 1 жил хүртэл цахим гав зүүх, хагас жилээс 1 жил шоронд суух ялтай болно. 

Давтан үйлдвэл төлөх торгууль, хорих ял, зорчих эрх зэрэг нь 2 дахин хүндэрнэ. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал 3-5 жил, хүндээр гэмтээвэл 5-8 жил,  амь нас хохироовол бүх насаар нь жолоодох эрхгүй болж, шоронд олон жил амьдарвал амьдарна, тэндээ чадарвал чадарна. 

Төмөр хүлэг унасан толгойгүй жолооч нарын өдүүлсэн гэмт хэргээс болж жилд дунджаар 113 хүн дайрагдан амиа алддаг. 1945 оны чөлөөлөх дайнд амь эрсэдсэн цэргээс олон хүн энх цагт засмал зам дээр зуурдаар амиа алдаж байна. Тэдний тал нь хүүхэд. Дутуу орхисон зураг, тэр чигээр нь үлдээсэн тоглоом, биелээгүй мөрөөдөл, сүүлчийн инээмсэглэл бүрийг нь  санацгаа! Таны, миний амь нас, та бидний үр хүүхдийг хөнөөж гэмтээх гээд хөлчүү согтуу жолооч нар хаанаас ч гэнэт гараад ирдгийг бүү март! Архи уусан жолоочийн гарт амиа алдсан анд нөхөр, аав ээж, ах дүү, алдрай бяцхан үрсийн зургийн өмнө зул өргөж, зуурдын үхлээр хэнийг ч үл ялгах согтуу толгойнуудын хүн алах дархан эрхийг хас! Хүний алтан амь, хүүхдийн амьдралыг хохироосон жолооч нар ганц хоёр жил суугаад гардаг, тэнсэн авдаг, өршөөл уучлал эдэлдэг.  Олон зуун морины хүчтэй, галзуу хурдтай машин унасан согтуурч мансуурсан жолооч нар хутга далайсан, буу барьсан алуурчин, бөмбөг зүүсэн алан хядагчаас аюултай.  

Торгуулиа бүтэн жил болж байхад төлөөгүй бол, өөрөөр хэлбэл тохирох шийтгэлээ амсаагүй бол машинаа худалдаж чадахгүй, тендер шалгаруулалтад орохгүй, гадаад паспорт ч авахгүй. Уусан архиндаа биш уух архиндаа согтож, машин барьж манийг таныг алахыг завдах согтуу толгойнууд аа, согтохоос өмнө бод, бод, бод.        


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19