Dark Light
Нийгэм | 2023-10-15

Өөрийнхөө баталсан хуулийг өөрөө эхлээд унш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль тогтоогчдод өөрсдөд нь хууль сурталчлах шаардлагатайг УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Өөрөө ажлын хэсэгт нь орсон, өөрөө санаачлалцсан хуулиа огт мэдээгүй, дуулаагүй, ойлгоогүй гишүүн өөр хаана ч биш ордонд өөрийн биеэр явж байдаг юм байна. Богд хаан тамгаа дарсан хойноо би юу хийчхэв ээ гэдэг бол кино зохиол, суртал ухуулга. Харин тамгаа дарсан хойноо би юу хийчхэв ээ ч гэж хэлж мэдэхгүй явах нь зохиол биш бодит байдал, кино биш амьдрал. УИХ Боловсролын ерөнхий хуулиа шинэчлэн найруулж хэлэлцэн батлахдаа хувийн сургуулийн сурагчдын “Үдийн хоол”-ыг хассан. Хувийн сургуулийн 1-6 дугаар ангийн 25 мянга орчим хүүхэд өврөөс төрсөн биш араас төрсөн гэдэг шиг төсвийн боорцгоос хүртэхгүй, улсын сүүтэй цайнаас амсахгүй. Шинэчилсэн найруулгад төр, орон нутгийн өмчит сургуулийн сурагчдын үдийн хоолонд мөнгө зарцуулахаар заасан, хувийн сургууль гэдэг үг цагаан дээр хараар байхгүй, цаасан дээр үсгээрээ үгүй юм.

Харин шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орсон Г.Дамдинням “Нэг их ялгаварлаад байгаа юм байхгүй, хуульдаа биш журамдаа л асуудал байгаа байх гэж хүний өмнөөс биш өөрийнхөө өмнөөс ярилаа. БШУЯ-ныхан бол хуулиа л дагана гэж хариулж байна. Учир хувийн сургууль бүгдээрээ төлбөр ялбар ихтэй, тансаг машинаар хүргүүлдэг, үнэтэй брэндээр гоёсон газар биш.  Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй учир арга буюу арай цөөхөн сурагчтай, ажил, гэрт ойр, анги танхимдаа багтах нь илүү юм гэж хувийн сургууль сонгодог. 

Хүүхэд ялгах муухай, хүний, өөрийн, хувийн хувьсгалын, Итгэлт баяны Хонгор, Эрдэний өнөөх муу гэж алагчлах монгол ёсонд хазгай. Бусад хуулиа биш гэхэд өөрийнхөө оролцсон хуулийг үг үсэггүй уншиж сур, УИХ-ын гишүүн ээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19