Dark Light
Нийгэм | 2024-03-21

Наурызын баяраар үс, хумсаа авахыг цээрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцсэн өдөр Наурыз баяраа тэмдэглэдэг. Дорнын олон ард түмний Шинэ жилийн баяр Наурызаар казахууд ямар үйлдэл хийхийг цээрлэдгийг, мөн үйлддэг зарим зан үйлийн талаар мэдээлэл хүргэж байна.

1). Казахын ард түмний хувьд гуравдугаар сарын 22-ны өдөр нь "Ард түмний их баяр", "Шинэ жилийн эхэн" билээ. Ардын аман зохиолын домгуудад өгүүлснээр гуравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зөн билэгт, азын тэнгэр Хызыр өвөө (зарим домгуудад "Хыдыр өвөө") үл таних хүний дүрээр бүх дэлхийг хэсэж, айл өрхүүдээр зочилдог аж. Тухайн шөнийг "Өлзийтэй шөнө" (Қыдыр түні), "Наурызын шөнө" гэж нэрлэдэг. "Өлзийтэй шөнө"-ийг угтан айл өрх бүр урьдчилан бүх бэлтгэлээ хангаж, усанд орж, хувцас хунараа угааж, гэр орноо, хашаа хороогоо, эргэн тойрноо цэвэрлэн хир буртагнаас салдаг. Хүн бүр залбиран шившиж, Хызыр өвөө байж юун магад хэмээн гэртээ ирсэн хүн бүрийг хаан шиг дайлж хүндэтгэдэг.  

2). Наурызын шөнө Хызыр өвөөгийн нүдэнд сүү, цагаан идээ, хоол хүнс дүүргэсэн сав өртвөл тухайн онд тус айлын төл мал эсэн мэнд бойжиж, тарьсан тариа нь сайн ургаж ургац арвин байна хэмээн итгэдэг. Тийм учраас иргэд Наурызын шөнө гэртээ байгаа савнуудаа боломжоороо цагаан идээ, булаг, рашааны цэвэр усаар дүүрэн байлгахыг эрмэлздэг.

3). Хагарсан, хугарч гэмтсэн сав суулгыг хаяж, өмсөх боломжгүй болсон хуучин, уранхай хувцаснуудаа шатаадаг. Энэ нь хуучин онд тулгарсан хүндрэл бэрхшээл, гай зовлон, хүмүүсийн хоорондох таагүй харилцаа, дайсагналцсан аливаа үйлдлийг галаар ариутган цэвэршүүлэх гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой юм.

4). Наурызын өдөр хүмүүс нийлж мод тарих, гүүр барих, зам засах, гарам гаргах, булаг шандын эх, гол нуурын эргийг цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах нь буянтай ажил болно.  

5). Аксакалууд (казахууд настай хүмүүсийг хүндэтгэж «аксакал» хэмээн нэрлэдэг) залууст сургаал айлдаж, санаж явах сайхан үг хэлдэг.

6). Тухайн өдөр долоон бэрийнхээ духан дээр үнссэн эцэг энэ насны жаргалыг эдлэн, диваажинд төрөх гэнэ.

7). Наурызын өдөр шинэ ургасан өвс ногоог зулгаах, дэвсэх, мод огтлох, аливаа зүйлийг зүй зохисгүй ашиглан гарздуулах, ан агнах, бүргэдээр ан хихийг хориглодог.  

8). Наурыз баяраар өр ширээ дарж, өмнө нь муудалцсан хүн байвал харилцан уучлал гуйж эвлэрнэ. Уйлах, маргалдах, нэг нэгийгээ элдэв муугаар хэлэх, худал ярих, хараал зүхэл хэлэх гэх мэтээр зүй бус үйлдэл гаргахыг цээрлэж, сэтгэлээ ариусгана. Хэрвээ тийм үйлдэл гаргавал жилийн турж хэрүүл маргаан, муу муухайгаас салахгүй гэж үздэг.

9). Үс, хумсаа авахыг цээрлэнэ. Хуучин хувцсыг засаж янзлахыг зохимжгүй гэж үздэг.

10). Наурызын өдөр аргагүй байдлаас бусад тохиолдолд бусдын гэрт хонохыг цээрлэдэг. Хэрвээ өөр айлд хоновол жилийн турш гэртээ тогтохгүй байх, холын аянд мордож болзошгүй хэмээн итгэдэг.

11). Өдрийн цагаар унтахыг цээрлэдэг. Тухайн өдөр хэвтрийн дэглэм сахиж байсан өвчтэй хүн ч толгойгоо өргөж, чадвал орноосоо босон Наурызыг угтаж, сэтгэлгээ сэргээн хүмүүсийн дунд байвал зохино.   

12). Амьд амьтан алахыг цээрлэдэг. Баярын өдөр зоогийн ширээнд зориулж мал гаргадаггүй. Наурыз баярын хүндэт зоог болох "Наурыз көже" (Наурызын шөл)-г өмнөх оны идэшний үлдэгдэл мах, хүнсээр хийнэ.  

13). Наурызын шөл нь 7-гоос дээш сондгой тооны орцтой байна. Казахын ард түмний хувьд 7, 9 зэрэг нь бэлгэдэлтэй тоо бөгөөд шөлийг олон төрлийн орцоор бэлтгэх нь тухайн онд сүү, цагаан идээ, мах, бусад төрлийн хоол хүнс элбэг дэлбэг байх, гэр бүл, хамаатан садан, айл саахалт, ард түмний эв нэгдэл бат бэх байх, улс аймгаараа өөдлөн дэвшихийг бэлгэддэг.

14). Ертөнцийн дөрвөн зүгийг чиглүүлэн сүүн цацал өргөвөл муу муухайг хөөн зайлуулна хэмээн итгэдэг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19