Фото зургийг | World Nuclear Association
“Orano”-ийн Гүйцэтгэх захирал үүнд итгэл төгс байна
Францын цөмийн түлшний гигант “Orano” групп энэ арваны төгсгөл гэхэд Монгол Улсаас жил бүр “олон сая фунт” уран олборлохоо итгэл төгс мэдэгдсэн байна.
Уг мэдээллийг Лондон хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цөмийн симпозиум 2026-ийн үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал (CEO) Николя Маэс албан ёсоор хуваалцсан байна.
Францын цөмийн түлшний мөчлөгийн тэргүүлэгч “Orano” компанийн Гүйцэтгэх захирал Николя Маэс тус компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн ураны зах зээлд хамгийн том нөлөө үзүүлэх дараагийн гол уурхай болно гэдгийг зарлалаа.
“Энэ гариг дээрх дараагийн том ураны уурхай Монголд байх болно”
Лондон хотноо болж буй Дэлхийн цөмийн симпозиум 2026-ийн хэлэлцүүлгийн үеэр Николя Маэс хэлэхдээ:
“Энэ гариг дээр шинээр ашиглалтад орох, жил бүр олон сая фунт уран олборлох дараагийн уурхай бол Монгол дахь Orano-ийн уурхай байх болно гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ арваны төгсгөл гэхэд тус уурхай үйлдвэрлэлээ эхлүүлж, дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болох юм” хэмээн онцолсон байна.
Түүхэн дэмжлэг, Хөрөнгө оруулалтын баталгаа
“Orano” групп энэ оны эхээр Монгол Улсад “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх барилга угсралтын шатыг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэхүү цэгт хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай олон жилийн турш нягт хамтран ажилласан бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь Монголын Парламентын санал хураалтаар 79 хувийн дэмжлэг авсныг Маэс дурдлаа. Тэрээр энэхүү урьд өмнө байгаагүй өндөр дэмжлэг нь төслийг урт хугацаанд тогтвортой, амжилттай хэрэгжих маш хүчтэй хууль ёсны баталгаа болж байгааг тэмдэглэв.
Төслийн гол тоо баримтууд:
- Санхүүжилт: Энэ оны 10 дугаар сарын төгсгөл гэхэд уурхайн нийт төсөвлөсөн зардлын 25 хувийг хэдийнэ баталгаажуулж, зарцуулсан байх болно.
- Технологи: Байгаль орчинд хал багатай, орчин үеийн Гүний уусгалтын арга (In-situ leach / recovery) технологийг ашиглана.
- Хүчин чадал: Жилд дунджаар 2,500 тонн уран (tU) олборлох нэрлэсэн хүчин чадалтай.
- Наслалт: Уурхайн ашиглалтын хугацааг 30 жил байхаар тооцсон.
- Ажлын байр: Монгол Улсад шууд болон шууд бус 1,600 гаруй ажлын байр шинээр бий болно.
Дэлхийн эрчим хүчний шилжилт ба Монголын үүрэг
Дэлхий даяар цөмийн эрчим хүчний чадлыг хоёр ба гурав дахин нэмэгдүүлэх зорилт тавьж буй энэ үед ураны тогтвортой нийлүүлэлт хамгийн чухал асуудал болоод байна. Тэр дундаа Олон улсын хэмжээнд Жижиг модульт реакторууд (SMR) хөгжиж байгаа ч ойрын ирээдүйд нийт түлшний хэрэгцээний дийлэнх хувийг уламжлалт том хэмжээний реакторууд бүрдүүлсэн хэвээр байхыг салбарын удирдлагууд онцоллоо. Монгол Улсын ураны салбар энэхүү дэлхийн зах зээлийн өсөлтийг найдвартай түүхий эдээр хангах гол зангилаа цэг болох хүлээлттэй байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




