Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэдтэй ярилцлаа.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би айлын таван хүүгийн хамгийн бага нь. Айлын бага хүү учир жаахан эрх, танхи, жаахан хөдөлгөөнтэй, бусадтай гар зөрүүлчихдэг хүүхэд байлаа. /инээв/
-Хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэхээр хааяа нэг аав, ээжээсээ жавтий хүртэх үе гарна биз?
-Аав минь надад ганцхан удаа л гар хүрч байсан. 9 бил үү 10 дугаар анги байсан байх би нэг хэрэг тарьсан юм. Тэр үед аав минь суран бүс бариад ухас хийгээд намайг ганц л ороолгосон. Аав минь намайг зүгээр зодъё гэж зодоогүй юм билээ. Намайг хайрласандаа л зодсон гэж хожим нь л бодож байгаа юм. Миний хайрласан хайраас халих гэлээ гэж нэг л удаа ороолгосон. Тэр л их сэтгэлд дотно үлдсэн байдаг. Одоо аав минь байдаг сан бол би албаар хэрэг хийж байгаад нэг сайн ороолгуулах байсан. /уйлав/
-Аав ээжтэйгээ хамт байх үед хамгийн их сэтгэлд тань үлдсэн дурсамж юу вэ?
-Би цэргийн гурван жилийн албыг Дорнод аймгийн Матад сумд хаасан хүн. Тэр гурван жилд би ээжтэйгээ уулзаагүй. Тухайн үед эргэлтээр очих, чөлөөгөөр гараад очих гэх зүйлүүд маш хэцүү байсан. Тэгээд 1080 хоног ээжтэйгээ уулзаагүй байж байгаад халагдах тушаалаа уншуулчхаад гэр рүүгээ гүйгээд очсон. Хашааны хаалгаар ороход ээж минь үүдэнд зогсож байж билээ. Тэр үед цэрэг халагдах үе байсан болохоор хашааны хаалга дуугарах бүрд ээж минь гарч ирж хардаг байсан шиг байна лээ. Зүв зүгээр зогсож байсан хүн намайг хараад л өвдөг дээрээ сөхрөөд суучихсан. Ээж минь намайг тэвэрч бараг 3-4 минут босохгүй уйлсан байх. Арай гэж аргадаж гуйж байгаад л гэртээ орж билээ. Тэгж уйлж байгаад л сэтгэл нь онгойсон юм байлгүй. Энэ хоёр мөр л сэтгэлийн минь гүнд маш тод хадгалагддаг. /уйлав/
-Таны амьдралын хамгийн хэцүү цаг мөч хэзээ байсан бэ?
-Хүний амьдралд хэцүү үе зөндөө л тохиолдоно л доо. Тэр хэцүү болгоноос хамгийн хэцүү нь аав, ээжээсээ өнчрөх, ханиасаа хагацах л байгаа юм. Бусад нь яах вэ, цаг зуурын л зүйл. Нөгөө гурав нь насан үүрдийн юм байхгүй юу. Элэг бүтэн явах гэдэг бол ээж, аавтайгаа, ах нартайгаа, ханьтайгаа, үр хүүхдүүдтэйгээ байх энэ амьдралын нэгэн жарны дотор байх дурсамж юм даа. Тэгээд элэг бүтэн байна гэдэг тэр хүмүүс бүгдээрээ амьд байж нэгнээ хайрлаж хүндэлж явахыг хэлдэг.
-Та ханийнхаа талаар ярьж болох уу. Ямар хүн байсан бэ?
-Миний гэр бүлийн хүн адилхан урлагийн хүн л дээ. Миний хань Улсын Ардын дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчин, концерт мейстер байлаа. Одоо тэнгэрт байгаа. Бид зургаан хүүхэдтэй. Үр хүүхдүүдийг маань хөгшчүүл маань л харж өгдөг байв. Бид ажил, ажил гээд л явчихдаг байсан. Гэхдээ ер нь эр хүн ханиа л сайхан хайрлах хэрэгтэй. Эхнэрээ хэчнээн сайхан хайрлаж халамж тавина тэр халамжаар эх хүн, эмэгтэй хүн сэргэж үр хүүхдээ төдий чинээ сайхан хайрлана. Ээждээ хайрлагдаж байгаа тэр хүүхэд ээжээрээ дамжуулаад аавыгаа хүндэлж хайрладаг. Тэгэхээр эцэг хүн бүх юмны толь. Үр хүүхдийнхээ толь.
-Олон хүнээс сонсох нь ээ хүн ер нь өөрийн үрээс илүү үрийнхээ үрд илүү хайртай байдаг гэх юм билээ?
-Тийм шүү. Аав ээжүүд маань биднээс илүү хүүхдүүдийг минь хайрлаж хүн болгосон. Түүнд маш их талархдаг. Одоо амьдралаа эргээд харахаар би хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг илүү хайрладаг. Яах вэ өөрийн үрсээ хайрлана л даа гэхдээ тэд нар чинь биеэ хуваагаад үржчихсэн байна гэж бодохоор нөгөө зулзагууд чинь илүү хайр татаад байгаа юм. Тэднийг чинь бүр эцэг, эхээс нь хүртэл өмөөрөөд байна шүү дээ. Хөгшчүүл дээр өссөн хүүхэд жаахан дэггүй болдог юм гэдэг бараг үнэн болоод байна. Гэхдээ хэтэрхий жолоог нь сул тавихгүй ээ. /инээв/ Миний үргэлжлэл, гал голомтыг минь авч үлдэж, цааш үргэлжлүүлнэ гэж бодохоор л хайрлахгүй байхын аргагүй юм даа.
-Таны бодлоор амьдралын утга учир гэж юу вэ?
-Нас ахиад энэ амьдралын утга учрыг туулаад таниад ирсэн болохоор бүр ч уян болж байгаа юм уу. Өчүүхэн зүйлд ч уйлчих гээд, өчүүхэн зүйлд ч сэтгэл догдлоод байдаг болчихжээ. /инээв/ Хүн хайраар дутах нэг хэцүү. Харин хайранд нялхарч тэр хайрыг зөв ойлгосон хүн сайхан явна. Ер нь зүгээр хүн хүнээ л хайрлах хэрэгтэй байгаа юм. Энэ миний дүү, энэ миний эгч, энэ миний ээж гэхээсээ илүү гудамжинд зүгээр явж байгаа хүнийг ч хайрлах хэрэгтэй. Монгол хүн монгол хүнээ хайрлах хэрэгтэй. Өөр удам угсааны, өөр улсын хүн Монгол хүнийг хайрлахгүй шүү дээ. Миний бодлоор бие биеэ хайрлах хайр хэт их төвлөрсөн газар нуугдчихдаг юм болов уу гэж боддог. Хүн гэдэг амьтан бол өөрийн амьдрах жаран жил дотор л байгаа шүү дээ. Жар хүрч ухаан ороод жаран нэг хүрээд үхдэг гэдэг.
-Та их залуу сэтгэлгээтэй юм аа. Та залуустай хамтарч ажиллаж, багшилдаг болохоор нөлөөтэй байна уу?
-Миний амьдралын далан хэдэн жилийг ингээд эргээд бодоход хүн залуустайгаа хамт байх тусам хүний сэтгэл оюун залуу байдаг юм байна. Манай Б.Сумхүү гээд монгол киноны загалмайлсан эцэг, багш минь “Чи одоо юу гээд байгаа юм бэ. Намайг зүгээр Сумаа л гэж бай. Сумхүү гуай та гээд байх юм” гээд их дургүй. “Чамд би тийм хөгшин харагдаад байна уу” гэж загнадаг байсан. Сүүлд нь багш нэг нууцаа задалсан нь “Би байна шүү дээ та нартай уран бүтээл хийгээд ойр байх тусам та нарын хоорондын харилцаа, хандлага, яриа болгон надад шинэ санаа, шинэ мэдрэмж өгдөг. Би настай хүн гээд л хойш суугаад л байвал өөрийгөө мөхөөгөөд байна” гэж хэлж билээ. Гэхдээ бид ч одоо залуучууддаа нэмэр болоод уран бүтээлийнх нь ажилд овойж, оцойтлоо туслаад байх тамир тэнхээ ч байхгүй болж. Гэхдээ оюун ухааны зүйлд их тус болж чадна гэж итгэдэг.
-Та одоо ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Би одоо бол хүнд нэг сайхан үлгэр дуурайлал болсон сайхан өвгөн, хүнд бүр нэг ад болсон өвгөний дүрд тоглохыг л зорьж байна. Тэгээд энэ мөрөөдөл маань биелээсэй гэж өөрийгөө ерөөж өөртэйгөө ярьдаг юм. Болох байлгүй дээ /инээв/
-Цаг заваа гаргаж, чин сэтгэлээсээ ярилцсан танд маш баярлалаа. Мөрөөдөл тань биелэх болтугай
-Чамд ч гэсэн маш их баярлалаа. Сэтгэлд минь байдаг тод мөрүүдийг минь сануулж өгсөнд талархаж байна.
Т.ХУЛАН
АДМИН








Нийгэм







