Бидний дунд сургуулийн газар зүйн хичээл дээр үзэж өссөн дэлхийн газрын зураг уншигч таныг насаар тань "хуурсаар" иржээ. Тухайлбал, уламжлалт Меркаторын газрын зураг дээр Африк тив болон Гренландын арал бараг ижилхэн хэмжээтэй харагддаг. Гэвч бодит байдал дээр Африк тив нь Гренландаас даруй 14 дахин том юм.
Үүнээс гадна Африк тивийн бодит газар нутагт АНУ, Хятад, Энэтхэг, Баруун Европ болон Япон улсууд бүхэлдээ багтаад цаана нь дахиад ч газар үлдэх хуурай газрын асар том хэмжээтэй.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей далайн навигацид ашиглагддаг уламжлалт Меркаторын газрын зургийн проекцоос татгалзаж, тивүүдийн бодит хэмжээг үнэн зөв тусгасан шинэ газрын зургийг ашиглах тухай тогтоолыг олонхын саналаар баталлаа. Африкийн орнуудын санаачилсан энэхүү түүхэн шийдвэрийг 164 улс дэмжсэн бол АНУ ганцаараа эсэргүүцэж, зургаан улс түдгэлзсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтаар нийт 164 улс дэмжиж, 1 улс (АНУ) эсэргүүцэж, дараах 6 улс санал өгөхөөс түдгэлзсэн байна:
- Эстони
- Гүрж
- Литва
- Молдав
- Серби
- Украин
Энэхүү түүхэн гажуудлыг засаж, дэлхийн тивүүдийг бодит хэмжээгээр нь харуулах шинэ "Equal Earth" газрын зургийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай НҮБ-ын тогтоолыг Монгол Улс дэмжсэн санал өглөө.
Газрын зураг ба Геополитикийн маргаан
Энэхүү түүхэн өөрчлөлтийн эргэн тойронд улс орнуудын байр суурь нэлээд хуваагдлаа:
- Африкийн холбоо: Того улсын Гадаад хэргийн сайд Робер Дусси "Меркаторын зураглал нь Африкийг зориудаар жижигсэж харуулах замаар колоничлолын үеийн сэтгэлгээг хадгалж, дэлхийг тэнцвэргүйгээр қарах нөхцөлийг бүрдүүлсэн" хэмээн шүүмжилж, тогтоолыг бүрэн дэмжжээ.
- Европын холбоо ба Франц: Франц улс Меркаторын проекцоос бүрмөсөн татгалзахаа мэдэгдсэн байна. Шинэчлэгдсэн "Equal Earth" буюу тэнцүү талбайт газрын зурагт шилжсэнээр Франц, АНУ болон Орос улсууд одоогийнхоосоо харьцангуй жижиг харагдах аж. ЕХ-ны зүгээс энэхүү тогтоол нь улс орнуудын тусгаар тогтнол, хилийн маргаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцоллоо.
- Америкийн Нэгдсэн Улс: АНУ уг санаачилгыг эрс эсэргүүцэж, НҮБ-ыг "улс төржсөн, радикал үзэл суртлын төсөл хэрэгжүүлж байна" хэмээн буруутгав.
- Украин: Шинэ газрын зураг дээр эзлэгдсэн газар нутгуудын хилийг хэрхэн тэмдэглэх тал дээр маргаан үүсэж болзошгүй гэх үндэслэлээр санал өгөхөөс түдгэлзжээ.
Монголчуудын газар зүйн боловсролд ямар өөрчлөлт орох вэ?
НҮБ-аас баталсан уг тогтоол нь хуучин зургийг шууд хориглохгүй ч дэлхийн орнуудын Засгийн газар, боловсролын байгууллагууд болон Google Maps зэрэг технологийн компаниудад тивүүдийн харьцааг зөв харуулсан шинэ проекцыг ашиглахыг уриалж байна.
Ингэснээр Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд болон ухаалаг утасны аппликейшнүүд дээрх дэлхийн газрын зураг ойрын хугацаанд илүү "бодит" болж өөрчлөгдөх нөхцөл бүрдлээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




