Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг тамирчид өчигдөр 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль нэмж хүртэн, тэмцээнээ гайхалтай үргэлжлүүлж байна.
Сур харваа: Түүхэн амжилт
Сур харвааны төрөлд Монголын харваачид гайхалтай байж, медалийн тавцанг эзэгнэлээ.

- Алтан медаль: Ази болон Дэлхийн аварга Бат-Эрдэнийн Ганзориг 145 метрийн Солонгос харвааны “Кугдо бай” төрөлд цэц мэргээ гайхуулан аваргын алтан медалийг хүртлээ.
- Мөнгөн медаль: Харваач Бат-Эрдэнийн Ганзориг амжилтаа бататган, Турк харвааны 70 метрийн “Пута бай” төрлөөс дахин нэг мөнгөн медаль зүүв.
- Мөнгөн медаль: Аймгийн мэргэн, спортын мастер Сүрэнжавын Ариунбат 145 метрийн “Кугдо бай” төрөлд мөн онч мэргэн байж, мөнгөн медаль хүртэн Монголын багийн амжилтыг ахиуллаа.
"Тыйын эңмей" буюу "Зоос шүүрэх": Хүрэл медаль
Морин дээрээс зоос шүүрэх спорт сүүлийн үед манай улсад эрчтэй хөгжиж буй бөгөөд энэ удаагийн наадамд тамирчин Байболат Акылбек чадварлаг өрсөлдөж, 3 дугаар байрт шалгаран хүрэл медалийн эзэн боллоо.

Хабсагай бөхийн барилдаан: Хүрэл медаль
Якутын үндэсний "Хабсагай" бөхийн төрөлд хүч үзсэн "Хилчин" спорт хорооны бөх, Булган аймгийн наадмын түрүү, аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав чансаатай барилдаж, хүрэл медаль хүртэв.

Тэмцээний ерөнхий дүн ба Багийн үзүүлэлт
Одоогоор тус наадамд дэлхийн 106 улсын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Үүнээс 22 орны баг тамирчид медалын дансаа нээгээд байгаа ба 9 улс алтан медаль хүртэж чаджээ.
Монгол Улсын баг тамирчид өнөөдрийн байдлаар 4 алт, 4 мөнгө, 16 хүрэл, нийт 24 медальтай олон улсыг тэргүүлэгчдийн эгнээнд амжилттай урагшилж байна.
ТАТАР МАЙДАР







Спорт




