Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс танилцуулах хэлэлцүүлгийг /2025.05.19/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Шүүхийн шийдвэр биелэгдэх нь хүний эрх хангагдах хамгийн чухал баталгаа. Иргэд, бизнес эрхлэгчдийн шүүхийн шийдвэрээр тогтоосон зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээн эдлүүлэх нь хуулийн төслийн ач холбогдол” хэмээн онцлов.
Энэ үеэр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул хуулийн төслийн голлох үзэл баримтлалыг танилцуулж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад Арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг боловсронгуй болгох нь төслийн зөвлөх З.Шагдарсүрэн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд өгсөн Олон улсын байгууллагын экспертийн дүгнэлтийг танилцуулав. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийн удирдагч Л.Заяа хуулийн төслийг боловсруулах хүрээнд туршлага судалсан байдлын талаар мэдээлэл өглөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж
| Хууль зүй, дотоод хэргийн яам
|