Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич, Санкт-Петербург хотын соёлын өвийг хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Козырева Екатерина Андреевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, “Их Цайны зам” соёлын өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичиг боловсруулах асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцлоо.
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжсан “Их Цайны зам” хэмээх соёлын өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх, бүртгүүлэх асуудал нь 2014 оноос эхэлсэн ба энэ хугацаанд Монгол Улс болон БНХАУ-д хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж, нэр дэвшүүлэх бичиг баримтыг Монгол Улсын талаас өргөн барихаар харилцан зөвшилцөлд хүрсэн.
Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын талаас гурван улс дамнасан соёлын өвийг бий болгох нь улсуудын үр ашигтай хамтын ажиллагаа, соёлын өвийг хадгалж, хамгаалах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төрөөс баримталж буй соёлын өвийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнчлэн хойч үедээ гурван улсын соёлын өвийн талаарх ойлголтыг бүрэн төлөвшүүлэх цаашлаад соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт чухал байр суурь эзэлнэ мөн “Их Цайны зам” соёлын өвийг нэр дэвшүүлэх бичиг баримтыг Монгол Улсын талаас өргөн барих асуудлыг БНХАУ-тай адил дэмжиж байгаагаа илэрхийллээ.