Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хошууч генерал Г.Ариунбуян, Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй, БНМАУ, ЗХУ-ын баатар хошууч генерал Ж.Гүррагчаа, ОХУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал П.В.Петрунин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев нарын хүндэт зочид түүнчлэн БХЯ, ЗХЖШ, Төрлийн
цэргийн командлал, Удирдах газрын дарга, удирдлагын бүрэлдэхүүн Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн, ахмад дайчид оролцлоо.
Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас ирүүлсэн мэндчилгээг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уншин сонордуулж, Агаарын цэргийн командлалыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасан тухай зарлиг танилцуулж Агаарын цэргийн командлалын байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.
Түүнчлэн Агаарын цэргийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчид болон одоо алба хааж байгаа алба хаагчдад төрийн одон, медаль, салбарын шагнал гардуулсан юм.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хуралд оролцогчдод баяр хүргэж үг хэлэхдээ “Агаарын цэргийн командлал нь олон улсын жишиг, өөрийн улсын онцлогт нийцүүлэн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрөл мэргэжлийн цэргийн анги, салбаруудынхаа үндсэн үүргийг биелүүлэх чадамжийг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, эх орныхоо агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, төр, засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын зүгээс өгсөн өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж байгаа”-г баярын энэхүү өдөр онцлон тэмдэглэлээ.
Төгсгөлд нь Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид Хүндэтгэлийн тоглолтоо өргөн барилаа.






