НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгох” асуудлыг хэлэлцэж баталлаа.
Саяхан НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан билээ.
Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй, санхүүгийн тайлангаа өгдөггүй, цалингийн 205 сая, НДШ-ийн 910 сая, татварын 507 сая, эм оношлуурын 575 сая, хүнсний 555 сая, газрын төлбөрт 48 сая төгрөг зэрэг өр төлбөртэй болох нь тогтоогджээ.
Энэ үеэр уг төвийг шинэчлэн салбар эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлсэн.
Тэгвэл тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 22 хорооны насанд хүрэгчдэд уламжлалт, мэдрэлийн хэвтэн болон үндсэн, төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 0-16 насны хүүхдийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох нь ээ. Салбар эмнэлгийн барилгын гадна талын хэмжилтийг хийж дээвэр болон гадна фасадын зураг хийгджээ.
Дотор сантехник, цахилгаан болон агааржуулалт, дотор өрөөнүүдийн байршлын зураг төслийг Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн байрны А блокийн ерөнхий барилгын зургаар гүйцэтгэл хийгдэж байгаа аж.