Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий долоо даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр зургаа давж үзүүрлэлээ.
Б.Бат-Өлзий заан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны 29 дахь, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг оруулан тооцвол 32 дахь түрүүгээ авч байна. Б.Орхонбаяр арслан харин 8 түрүү, 4 үзүүртэй боллоо.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Монгол Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Монгол улсын заан Бердимуратын Серик нар их шөвөгт үлдэв.
Барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм.
Мөн үзэгчдийн дундаас 10 азтан тус бүр 500,000 төгрөгийн эзэн боллоо.