“Ерөнхий сайд аа, таны хүү яаж ийм бэлтэй бэнчинтэй болсон юм бэ?” Хүүгийн чинь өгөөд байсан өгөөмөр бэлгийн зардлыг Өгөөдэйбаатарын Өгөөмөр нотоллоо. Одоо өөрөө орлогоо нотолчихно уу даа...
Ийм энгийн асуултанд И-Монголиа, И-баримтын дансны хуулга энэ тэрээ харуулаад түс тас хариулчихаж болох байтал түг таг хийгээд, орноос худ гарч худраад, шар хүний өмнөөс шартсан харласан шадрууд шарагдаж түлэгдээд, айлын хүүхдийн өмнөөс алаг нүдээ бүлтэлзүүлсээр ардын бухимдлыг өрдлөө.
Ерөнхий сайд долоо хоног бодсон юм чинь 7 хэмжиж нэг огтлоод хариултаа хэлэх болов уу гэтэл 1 ч хэмжилгүй 7 огтлоод хаячихлаа. Ялаа гараагүй байхад ялаа гаргаад, нууд битгий горьд гэж битүү уур хилэн оволзуулж орхилоо.
“Огцрох амархан” батальоны эсрэг “Огцрох амаргүй”-чүүд ахмадын хорооныхон ирж тулалдлаа. Ахмадын хорооныхон ам хэлээрээ асуултанд унаад байсан тул өшиглөж тангарах, мангасдаж түлхэх, духдан мөргөх, салаавч тавих гардан тулаан өрнүүллээ. Өвөө, эмээ нартаа туслахаар ирсэн оюутнууд маскаа тайлахгүйгээр машид ичимхийрэн, маскуудаа тайлснаас ялгаагүй юм боллоо. Гурван үсэгтэй компани ба гурван үсэгтэй намынхан гэж жагсагчид хэрэлдэж, Ерөнхий сайдын хүү гурван үсэгтэй газарт байцаагдлаа. Огцруулахынхан дуулаад, худгийнхан духадсаар хаврын улс төрд хавсарга нэмлээ.
Гэрийн хэрэг төрийнх боллоо. Төрийн хэрэг гэрийнх боллоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг Ажлаа өг гэлээ, МАН-ын Бага хурал шөнө дундын бүжиг хийлээ. Шар хүний өмнөөс шартсан хүн болж өмөөрсөн, хартай хүний оронд хар хүн болж хамгаалсан хамтрагчдыг гэрээгээ зөрчсөн гэж үзээд гэр орноосоо хөөлөө. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй боллоо. Гүтгэлээ гүжирдлээ, уучлаарай гэж хэл гэх үгэн дотор үг бий, суман дотор гичир бий. Манайд ирээрэй гэж ахиад нэг хэлэх болов уу? гэсэн гомдлын мөрт горьдлого бий.
Ирэх 7 хоногт “Бөгжний эзэн” улс төрийн олон ангит монгол кино үргэлжилнэ.