Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байх үед нь алба хаагчид саатууллаа.
Тухайн иргэн нь Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрэн сурвалжлагдаж байжээ. Иргэн Э нь арилжааны банкуудын 5 дансыг ашиглан фейсбүүк хуудаст иргэдийн байршуулсан бусдаас хандив хүссэн зар мэдээллүүдийг хуулбарлан авч дансны дугаарыг өөрчилж, улмаар хуурамч хаягаар хандалт ихтэй группүүд рүү түгээж иргэдийг хуурч мэхлэн залилдаг байжээ. Урьдчилсан байдлаар түүний ашигласан гэх 5 дансанд үзлэг хийхэд иргэдээс 1050 удаагийн гүйлгээгээр 250 сая орчим төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.
Дээрх үйлдлээс гадна цагдаагийн байгууллагад эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан цахим орчинд зар мэдээлэл байршуулж 2500 гаруй иргэний эд хөрөнгийн залилсан байж болзошгүй үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт нэгтгэн шалгаж байна.
Та бүхэн цахим орчинд байршуулсан хандив хүссэн зар мэдээллийг нягталж шалгасны дараа бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилагч нарт амар хялбар аргаар мөнгө олох боломжийг бүү олгоорой хэмээн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.