Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар “НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯР” Хүрээ цам – Даншиг наадмыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран 06 дугаар сарын 27- 29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нийслэл хотын иргэдийн баяр нь Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан уул, Сонгинохайрхан уул, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор 2025 оны 6-р сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд Улаанбаатар хотын сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.



“Хүрээ цам -Даншиг наадам 2025” наадам нь анх удаа Нийслэл хотын иргэдийн баяр болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ 6-р сарын 28, 29-ний өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, хурдан морины уралдаан 6 насны ангилалд зохион байгуулагдах ба Үндэсний сурын харваа, Уухай шагайн харваа зэрэг Монгол үндэсний уламжлалыг харуулсан арга хэмжээнүүд болох юм.
Наадмын үеэр Цам харайх ёслол, Лам нарын дунд ном хаялцах тэмцээн, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн зэрэг зохион байгуулагддаг ба Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.
Мөн Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жороо морины уралдаан Сээр цохих тэмцээн, Монгол хувцасны үзүүлбэр, 9 дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.
Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг юм.